УЕПГ-аас АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д хандсан тухай Улсын ерөнхий прокурорын туслах Л.Болд сэтгүүлчдэд мэдээлсэн билээ. УИХ уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос тодрууллаа.
-Улсын ерөнхий прокуророос АТГ-ын даргын албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр уржигдар танайд бичиг ирүүлсэн юм байна. Үүнийг УИХ хэзээ хэлэлцэх вэ?
-Монгол Улсын ерөнхий прокуророос АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай маш нууцын зэрэглэлтэй бичгийг манайд ирүүлсэн. Тэр бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байна. Авлигын эсрэг хуульд зааснаар бол ийм бичгийг 14 хоног дотор шийдвэрлэх ёстой. Тэр хугацаанд Хууль зүйн байнгын хороо зохих шийдвэр гаргах болов уу гэж бодож байна.
-Түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах уу?
-Дээр хэлсэн 14 хоногийн хугацаанд холбогдох байнгын хороо, чуулган хуралдуулахыг хамт багтааж байгаа. Тэр хугацаандаа л асуудлыг шийдвэрлэнэ.
-Гэтэл долдугаар сарын 5-нд хаврын чуулганыг завсарлуулна гээд байгаа шүү дээ. Тав хоног л үлдээд байна?
-Ний нуугүй хэлэхэд долдугаар сарын 5 гэж бид даргын дэргэдэх зөвлөлөөр яриад байсан. Гэтэл их олон чухал асуудлыг өнөөдөр хэлэлцэж амжаагүй байна. Тиймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ямар боловч наадмын өмнө хаврын чуулганыг завсарлуулъя. Түүнээс өмнө үлдсэн асуудлуудаа хэлэлцэж шийдвэрлэе гэсэн чиг гаргаад байна.
Д.ОЮУН