Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээний Нагоя башёгийн долоо дахь өдрийн барилдаан өндөрлөлөө.
Энэ өдөр Их аварга Хакүхо комүсүби Аойямг, озэки Котошёогикү Шёохозаныг давснаар долоо дахь даваагаа авч, башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ.
Какүрюү М.Ананд комүсүби Аминишикиг, озэки Кисэносато Ёшиказэг давснаар зургаа дахь даваагаа авлаа. Хоёр ялагдаад байгаа Харүмафүжи Д.Бямбадорж Кайсэйг давсан бол Оосүнаараши Сэкивакэ Гоэйдод ялагджээ. Египетийн Оосүнаараши тэмцээний тав дахь өдөр 71 дэх аварга Какүрюү М.Анандыг, зургаа дахь өдөр буюу өчигдөр 70 дахь аварга Харүмафүжиг давсан. Оосүнаараши маргааш их аварга Хакүхотой барилдах бөгөөд тэрээр дөрвөн даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байна.
Япончуудын итгэл найдвар Эндо, Чиёоотори нарыг эхний өдрүүдэд давсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Токүшёорюүг давснаар дөрөв дэх даваагаа авлаа. Түүнийг сүмогийн мэргэжилтнүүд шинэ үеийн Монгол сүмоч гэж нэрлэдэг аж.
Жюүрёод Ичиножёо А.Ичинноров ганцаараа долоон даваатай тэргүүлж байна.
Ч.БОЛ