Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Бразил улсад зургаадугаар сарын 12-наас долдугаар сарын 13-ны хооронд болж, өнгөрсөн. Дэлхийн шилдгийн шилдэг 32 баг өрсөлдсөн тус тэмцээний аваргаар Германы шигшээ баг шалгарч, аргентинчууд мөнгөн медаль хүртэж, Нидерландын баг хүрэл медалийн эзэн болсон. Харин тэмцээнийг зохион байгуулагч Бразил улсын шигшээ баг дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
Хоёр дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан дэлхийн таван удаагийн аварга Бразил улсын шигшээ багийг ямар нэгэн медаль хүртэнэ гэж олон сая хөгжөөн дэмжигчид итгэж байсан. Гэвч тэд медальгүй хоцорсон юм.
Долдугаар сарын 8. Энэ өдрийн тоглолт Бразилийн ард түмнийг шоконд оруулсан гэхэд хилсдэхгүй болов уу. Бразил-Германы хагас шигшээ тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч орны багийн од Неймар гэмтэл авч, багийн ахлагч Тиагу Сильва торгуулийн улмаас талбайд гараагүй юм.
Хожсон баг дэлхийн аваргын мөнгөн медалийг хүртэж, улмаар аваргын төлөө тоглох эрхийг авах байсан. Тоглолт 7:1-ийн харьцаагаар Германы шигшээ багийн ялалтаар өндөрлөж, Бразилчууд гутамшигт ялагдлыг олон сая хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө үзүүлсэн. Тоглолтын дараа Бразилийн шигшээ багийн хаалгач Жулио Сезар: "Тайлбарлахын аргагүй тоглолт боллоо. Германы шигшээ багийг хүчтэй байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ийм ялагдал болно гэж санасангүй. Эхний гоолыг алдсаны дараа ийм зүйл болно гэж хэн ч бодоогүй ээ. Үнэхээр тайлбарлахын аргагүй." гэж байв.
Үнэхээр энэхүү тоглолт дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ багт гутамшигт ялагдал байсан. Бразил ДАШТ-ий хагас шигшээгийн түүхэндээ зургаан гоолын зөрүүтэй хожигдож, гутамшигтай ялагдал амссан удаагүй. 1950 оны ДАШТ-ий шигшээ тоглолтод Бразилын шигшээ Уругвайд хожигдож, ард түмнээ нулимстай, хар дурсамжтай үлдээсэн гэдэг. Хоёр дахь удаагаа дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулахдаа, гутамшигт ялагдлаар дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Бразилийн шигшээ баг хүрэл медалийн тоглолтод ч Нидеарландийн залууст ялагдсан.
Ч.ШАРХҮҮ