Өнөөдөр болсон Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Банкны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Улсын Их Хурлаас 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталсан Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсад банк үүсгэн байгуулах, банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах, банкны хувьцааг эзэмшихэд зөвшөөрөл олгох харилцааг тусгайлан зохицуулсан эрхзүйн хэм хэмжээг агуулсан хууль гэж үзэх үндэслэлтэй байна. Улс орны эдийн засагт банк, санхүүгийн салбарын гүйцэтгэх онцгой үүрэг, олон улсын банк, санхүүгийн тогтолцооны харилцан нягт уялдаатай байдал зэргийг харгалзан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцүүлэн Монголбанкинд зөвшөөрөл олгох, хяналт тавих, албадлагын арга хэмжээ авах, эрсдлээс сэргийлэхтэй холбоотой зарим хязгаарлалт тогтоох эрх олгож хуульчилснаараа Банкны тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн гурав дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.4, 36.12 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг, мөн 57 дугаар зүйлийн 57.1.2, 57.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Тавдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3/ дахь заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэжээ.
Уг дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжлахаар болжээ.
Д.ОЮУН