Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

Улсын Ерөнхий Прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав  ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Элчин сайд И.К.Азизо ОХУ-ын Ерөнхий Прокурор Ю.Я.Чайкагийн урилгыг Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжавт гардуулан өгч халуун дотно ярилцлаа.

Ирэх наймдугаар сарын 26–28-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо ОХУ-ын Ерөнхий Прокурорын Газраас Ази европын 20 орны прокурорын байгууллагын төлөөлөгчдийг оролцуулсан үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Тиймээс энэхүү олон улсын бага хуралд Монгол Улсын Ерөнхий прокурорыг оролцохыг урьсан урилгыг ийнхүү гардуулав.

Элчин сайд И.К.Азизов Монгол Улс хамтран гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх талаар сүүлийн жилүүдэд анхаарч ажиллаж байгааг тэмдэглэн хэлээд цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчих боломж нөхцлийг судалж байгаа бөгөөд энэ талаархи баримт бичгийг боловсруулж байгааг дурдаад ОХУ-ын Ерөнхий Прокурор Ю.Я. Чайкагийн мэндчилгээг уламжиллаа.

Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав урилгыг хүлээн авч ОХУ-ын Ерөнхий Прокурорын Газраас зохион байгуулах олон улсын бага хурал нь чухал сэдэв,  чиглэлээр болох гэж байгааг тэмдэглэн хэлж, тус бага хуралд оролцохоо илэрхийллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж