Виталий Ярема. Фото: Александр Максименко / РИА Новости
Журамт цэргийнхэн Украины армийн “Бук” ба С-300 зенитийн пуужингийн цогцолборыг хэзээ ч олзлон авч байгаагүй гэж Украины ерөнхий прокурор Виталий Ярема Малайзийн “Боинг” сүйрсний дараа ерөнхийлөгч Петр Порошенкод мэдэгдсэн гэж “Украинская правда” сонинд бичжээ.
“Зорчигч тээврийн онгоц сөнөөгдсөний дараа цэргийнхэн террористуудад манай пуужингийн цогцолборууд "Бук", С-300 байгаагүй гэж цэргийнхэн илтгэсэн. Тэр зэвсгүүдийг олзлоогүй” хэмээн Ярема онцлов.
Үүний өмнө Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко “Дождь” телевизид агаарын хөлгийг босогчид зенитийн “Бук” пуужингаар сөнөөсөн гэсэн байв. “Бидэнд хувилбар алга. Гэхдээ бид үнэнийг мэднэ. Террористуудад зенитийн пуужингийн цогцолборыг найр тавин өгсөн байгаа. Өнөөдөр эмгэнэлт хэрэг боллоо. Террористууд юу хийж байгаагаа мэдэлгүй тэр пуужингаар иргэний онгоцыг сөнөөлөө” гэж Геращенко хэлсэн байлаа.
Порошенко онгоц сөнөөгдсөний хариуцлагыг мөн л босогчдод өгсөн юм. Зургадугаар сарын сүүлчээр Донецкийн твиттерт журамт цэргийнхэн Зенитийн пуужингийн “Бук” цогцолбортой Агаараас хамгаалах хүчний А-1402 хороог хяналтдаа авсан гэж мэдээлсэн байсан юм. Хожим тэр твит нь сүлжээнээс авагдсан ч кэшд үлджээ. Украины Батлан хамгаалах яамныхан тэр мэдээг үгүйсгэн Зенитийн пуужингуудыг алдаагүй гэсэн билээ.Тэдний мэдээнд зургадугаар сарын 29-нд цэргийнхэн цогцолборуудыг өөр газарт шуурхайлан шилжүүлсэн гэжээ.
Malaysia Airlines компанийн Boeing-777 онгоц долдугаар сарын 17-ны өдөр Украины нутагт унасан юм. Онгоцонд 283 зорчигч, багийн 15 гишүүн явжээ. Нисэхийн компанийн мэдээний дагуу онгоцонд Нидерландын 154 иргэн, 27 австрали, 23 малайчууд, 11 индонези, зургаан британи, тус бүр дөрвөн герман ба бельги, гурван филиппин, нэг канад иргэн байлаа. Өөр 41 зорчигчийн үндсийг тогтоогоогүй байна. Зарим нэг мэдээгээр 23 америк зорчигч байсан гэнэ. Багийн бүх гишүүд малай хүмүүс байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР