Фото: AP Photo/Majdi Mohammed
Израилийн арми “Хамгаалалтын зурвас” ажиллагааныхаа хуурай замын ажиллагааг Газын зурваст эхэллээ гэж Израилийн өөрийгөө хамгаалах армийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Цэрэг нэвтрүүлэхийн өмнө их бууны хүчтэй бэлтгэл, агаар, тэнгисээс эрчимтэй довтолгоог хийсэн байв. ХАМАС-ын Израильд хийсэн арав хоногийн довтолгооны дараа сөргөлдөөнийг зогсоох талаар хийсэн саналыг хүлээн авахгүй байгаагийн улмаас Цэргийн ажиллагааны шинэ үеийг эхлүүлж байна гэж хэвлэлийн албаны мэдээнд өгүүлжээ. Хуурай замын байлдааны ажиллагаанд явган цэрэгийн их хүч, инженерийн болон танкийн анги нэгтгэлүүд оролцож байна. Агаар, далайн зүгээс хүчтэй дэмжлэг, тагнуулын ажиллагаан дор хуурай замын байлдаан үргэлжилж байна.
Байлдааны ажиллагааны бүсийг орхин гарахыг оршин суугчдад нь израильчууд уриалж байгаа ажээ. Энгийн иргэд хохирохыг аль болох багасгахын тулд арми бүхнийг хийнэ гэж амлажээ. Израилийн арми Газын зурваст нэвтэрсэн эхний цагуудад найман палестин хүн амиа алдсаны нэг нь хүүхэд байв. Одоо амь үрэгдэгсдийн тоо хорь гараад байна.
Хуурай замын ажиллагааны зорилго
"Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Батлан хамгаалахын сайд Моше Яалон нар Газын зурвас дахь газар доорх хонгилуудыг устгах зорилгоор хуурай замын цэрэгтээ Газын зурваст нэвтрэх тушаалыг өгсөн байна. Энэ сарын 17-нд хонгилоор дамжин ХАМАС-ын 13 дайчин Израильд нэвтрэн хорлон сүтгэх ажиллагаа явуулах гээд цэргийнхэнд бут цохигдсон байлаа.
НҮБ-ын санаачлагаар хийгдсэн хүмүүнлэгийн чанартай гал зогсоох нөхцлийг ХАМАС зөрчин тэр цагаар ч Израиль буудсаар байсан гэнэ. ХАМАС-ын зүгээс гарч байгаа байнгын гэмт хэргийн түрэмгийллийн улмаас Израиль өөрсдийн иргэдийг хамгаалах арга хэмжээг авах ёстой хэмээн Израилийн ерөнхий сайдын мэдэгдэлд өгүүлжээ.
Израилийн иргэдэд урт хугацааны энхийг авчрах гол зорилго нь “Хамгаалалтын зурвас” ажиллагаа үргэлжлэн ХАМАС хөдөлгөөн болон бусад террорист байгууллагуудын Газын зурвас дахь дэд бүтцийг бүрэн устгах болно хэмээн уг баримтад онцолжээ.
“Хамгаалалтын зурвас” ажиллагаа
Израилийн нутгийг пуужингаар буудах нь тасрахгүй байгаа учраас Израиль долдугаар сарын 8-нд өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагааг Газын зурваст эхэлж байгаагаа зарласан юм.
Ажиллагааны агаарын болон тэнгисийн зүгээс хийсэн 10 хоногийн довтолгооны явцад Израилийн Нисэх хүчин ба Тэнгисийн цэргийнхэн Газын байнуудад 1000 -н довтолгоо хийлээ. Палестины эмнэлгийн мэдээгээр агаарын довтолгоонд 240 палестин үрэгдэж, 1,8 мянган хүн шархаджээ.
Палестины хэт даврагчид энэ цагаар Газаас 1,5 мянган пуужингаар Израилийн нутгийг буудсан байна. Тель-Авив хотод 16 удаа пуужингийн довтолгоо хийгдэв. Иерусалимын районд хэд хэдэн удаа пуужин дэлбэрлээ. Ашдод, Ашкелон, Беэр-Шева хотууд өдөр бүр буудлагад өртөж байсан юм. Палестины пуужингууд Израилийн хойд нутгуудад ч тусч байлаа. Долдугаар сарын 15-нд Израилийн сайн дурын нэгэн хүн пуужингийн довтолгоонд алагдсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР