Фото: Андрей Стенин / РИА Новости
Malaysia Airlines компанийн онгоц унасан район дахь Украины хүчинд Агаарын довтолгооноос хамгаалах систем байхгүй гэдэгт Вашингтон итгэлтэй байгаа тухай CNN сайтын блогтоо уг сайтын тоймч Жейк Таппер Америкийн албан тушаалтны мэдээллээс ишлэн бичив. Түүний ярилцагч эх сурвалжийн хэлснээр, энэ шалтгааныг тооцоод онгоцыг унагах шалтаг Украины эрх баригчдад байгаагүй гэсэн хувилбарыг Цагаан ордон авч үзэж байгаа гэнэ.
Америкийн ерөнхийлөгчийн засаг захиргаа бүх сонирхогч талуудыг оролцуулсан өргөн хэмжээний мөрдөн байцаалт явуулахын төлөө байгаа гэнэ. Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун онгоцны ослын “олон улсын нээлттэй мөрдөн байцаалт” явуулахыг мэдэгдсэн байлаа. Түүнийг нь ерөнхийлөгч Барак Обама дэмжжээ.
Malaysia Airlines компанийн Boeing-777 онгоц долдугаар сарын 17-ны өдөр Украины нутагт унасан юм. Онгоцонд 283 зорчигч, багийн 15 гишүүн явжээ. Нисэхийн компанийн мэдээний дагуу онгоцонд Нидерландын 154 иргэн, 27 австрали, 23 малайчууд, 11 индонези, зургаан британи, тус бүр дөрвөн герман ба бельги, гурван филиппин, нэг канад иргэн байлаа. Өөр 41 зорчигчийн үндсийг тогтоогоогүй байна. Зарим нэг мэдээгээр 23 америк зорчигч байсан гэнэ. Багийн бүх гишүүд малай хүмүүс байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР