А.Энхтуул: :Дэлхийн эмэгтэй шатарчдаас эхний аравт багтахын төлөө хичээнэ
Монголын шатарчдаас долоо дахь их мастер цолтон төрж буй талаар өмнө нь мэдээлсэн. 2006 оноос хойш шатрын ертөнцөд өөрийгөө нээн харуулсан түүнийг сурагчдын дэлхийн аваргаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан гэдгийг шатар сонирхогчид сайн мэднэ. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн их мастер цолонд хүрэх довтолгоогоо эхлүүлж долдугаар сарын 1-нд албан ёсоор нормоо биелүүлжээ. Одоо түүний цолыг ирэх сард болох ФИДЕ-гийн конгрессоор батлах л үлдээд байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд олон улсын өндөр зэрэглэлийн 41 тэмцээнд оролцсон нь түүнийг хэрхэн хөдөлмөрч гэдгийг илтгэх биз. Их мастерын болзол биелүүлсэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул А.Энхтуултай ярилцлаа.
-Юун түрүүнд баяр хүргэе. Их мастерын норм биелүүлэх мөчид ямар сэтгэгдэл төрж байв?
-Хамгийн түрүүнд надад тусалсан хүмүүстээ баярлалаа гэж хэлэхийг хүссэн. Их мастер цолонд хүрэхэд маш олон хүний дэмжлэг орсон байгаа. Тэгээд чансаагаараа Монголын эмэгтэй шатарчдыг тэргүүлэх ёстой юм байна гэх бодол төрсөн. Яг одоо бол би чансаагаараа гуравдугаарт эрэмбэтэй байдаг. Дээрх бодлууд төрсний дараа би өөртөө баяр хүргэсэн. Вьетнам улсад очсон хойноо их мастер болсон гэдгээ мэдээд "Би дэлхийн эмэгтэй шатарчдаас эхний аравт багтах ёстой юм байна" гэх бодол төрсөн. Яагаад гэвэл бусдыг бодвол би нас залуу байна. Хамгийн залуу их мастер болсон. Тиймээс илүү их хичээх хэрэгтэй юм болов уу. Энэ бол миний амжилтын эхлэл юм.
-Удахгүй их мастер цол тэмдгээ гардаж авна. Тэгвэл их мастер цолтойгоор оролцох анхны тэмцээний тов гарсан уу?
-Албан ёсоор батлагдаагүй ч болзлоо хангасан хүмүүсийг их мастер гэж дууддаг. Миний хувьд наймдугаар сард Норвегийн Тромсод болох олон улсын нээлттэй тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Дараа нь оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо болон суралцаж байгаа Москва хотын автозам, инженерийн их сургуулиа төлөөлөн оролцоно.
-Наадмын өмнө Вьетнамын Хо Ши Мин хотод тэмцээнээс хүрэл медаль хүртсэн шүү дээ. Тэр тэмцээнийхээ талаар товч мэдээлэл өгөөч?
-Азийн шилдэг 10 залуу эмэгтэй шатарчны тэмцээнд оролцсон. Уг тэмцээнд Узбекстан, Энэтхэг, Индонез, Вьетнам, Казахстан, Иран зэрэг орны 10 шилдэг залуу шатарчин урилгаар оролцсон байгаа. Тэмцээнийг ФИДЕ-гээс зохион байгуулж буй томоохон төсөл байсан юм. ФИДЕ болон ФИДЕ-гийн эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран явууллаа. Миний хувьд 5.5 оноогоор гуравдугаар эзэлсэн амжилтыг үзүүлээд ирсэн. Сүүлийн өрөгт би Энэтхэгийн их мастерын хожсон бол түрүүлж, тэнцвэл мөнгөн медаль авах байлаа. Харамсалтай нь хожигдсоноор 2-3 дугаар байрыг хувааж эзэлсэн. Хэдийгээр түрүүлэх боломж байсан ч ашиглаж чадаагүй. Гэхдээ энэ том амжилт юм.
-Таны хувьд бусад шатарчдаа бодвол бие дааж маш олон тэмцээнд оролцдог шүү дээ. Тэр болгонд оролцоход хүндрэл хэр гардаг вэ. Санхүүгээ хэрхэн зохицуулдаг юм бол?
-Миний хувьд жилд дунджаар 10 тэмцээнд оролцдог. Ганцаараа тэмцээнд оролцоход сайн, муу тал байна. Олуулаа явбал анхаарал сарних тохиолдол гардаг. Харин ганцаараа бол зөвхөн бүх анхаарлаа тэмцээндээ л хандуулдгаараа давуу талтай. Гэхдээ бага зэргийн бэрхшээл их бий. Жижиг сажиг бэрхшээлийг эс тооцвол би ямар ч тэмцээнд ганцаараа явахыг илүүд үздэг. 2010 оноос хойш 41 тэмцээнд оролцсон байх юм. Энэ бол шатарчдын хувьд их тоо. Бүгдэд нь тодорхой хэмжээний хөрөнгө санхүү зарцуулна. Нэг жилд л гэхэд 25 мянган ам.доллар зарцуулсан байх жишээтэй. Энэ бүхнийг шийдэж өгсөн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Нэрийг нь хэлж болох уу.
-Бололгүй яах вэ?
-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Хотын дарга Э.Бат-Үүл, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч асан С.Энхцаг, мөн намайг багаас минь эхлэж дэмжсэн "Монголчех металл", үүнээс гадна "Сандэй" групп, ЦЕГ, "Бороо гоулд", Сэлэнгэ аймаг болон Алтанбулаг сумын удирдлагууд, Монголын шатрын холбоо, "Зууны шатар" клуб, "Амжилтын төлөө хамтдаа" төрийн бус байгууллага гэх мэт олон хүний дэмжлэгээр би өдий зэрэгт хүрээд байна. Тиймээс та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Та бүхний тус дэмийг би амжилтаар, зүтгэлээр хариулах болно. Үргэлж оргил өөд тэмүүлнэ гэж хэлье. Б.Далай захиралтай "Монголчех металл"-ын хамт олон миний Москвад амьдрах зардал, сургалтын төлбөрөөс эхлээд бүх зүйлээр ивээнт тэтгэдэг гол байгууллага юм. Хэрвээ энэ хүмүүс байгаагүй бол би өдий зэргийн амжилт гаргахгүй байсан болов уу.
-Ингэхэд хамгийн сүүлд хэзээ эх орондоо наадам үзсэн бэ?
-2006 оноос хойш нэг ч удаа Монголдоо наадам үзээгүй. Харин сая боломж гараад үзлээ. Их сайхан санагдсан. Бүр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээн дээр гарч гэрэл зураг авч, үзүүр, түрүүний бөхийг дэргэдээс нь үзээд сэтгэл их хөдөллөө. Миний хувьд сайхан наадам болж өнгөрсөн дөө. Яагаад ч юм наадмыг ойроос үзээгүй удсан болохоор бүх зүйл гоё санагдаж байсан шүү. Уг нь би өдийд Москва хотод хичээлдээ сууж байх ёстой юм. Гэвч сургуулийн удирдлагууд маань намайг маш сайн ойлгож, дэмждэг учраас би чөлөөгөөр эх орондоо ирээд байна.
Б.МӨНХЗУЛ
"СПОРТЫН ШУУДАН" сонин