НҮБ-ын ДОХ-той Тэмцэх Үндэсний Сангаас 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг хянах боломжтой гэж мэдэгдсэн байна. Дэлхий даяар Дархлал олдмол хомсдол буюу ДОХ-той холбоотойгоор нас барсан хүмүүсийн тоо болон ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн тоо өнгөрсөн 10 жилд гуравны нэгээр багассан гэсэн үзүүлэлт гарчээ. Улмаар 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг хянах төдийгүй ХДХВ-ыг устгах боломжтой болно гэж үзэж байгаа юм байна.
НҮБ-ын ДОХ-той Тэмцэх Үндэсний Сангийн тэргүүн Мишел Сайдибе “2020 он гэхэд ХДХВ-ийн тархалтыг багасгаж чадвал 2030 он гэхэд өвчний тархалтыг бүрэн зогсоох боломжтой болно” гэж мэдэгджээ. Дэлхий дээр 35 сая орчим хүн ХДХВ-ийн халдварыг тээн амьдарч байна гэсэн судалгаа байдаг байна. Австралид энэ сарын 20-25-ны өдрүүдэд болсон олон улсын ДОХ-ын 20-р хуралд тавьсан НҮБ-ын илтгэлд 2013 онд ДОХ-ын улмаас нас барсан хүний тоо 1.7 саяаас 1.5 болж буурсан гэсэн үзүүлэлтийг 2004-2005 онуудад 2,1 сая хүртэлээ нэмэгдсэн байсан нас барагсадын тоотой харьцуулахад нэлээд буурсан болох нь тодорхой болж байгааг тусгажээ. Мөн 2001 онд уг өвчний халдвар авсан 3.4 сая тохиолдол бүртгэгдэж байсан бол 2013 онд 2.1 сая болж даруй 38 хувиар буурсан гэсэн дүн гарсан байна. ДОХ өвчнөөр нас барагчдын тоо сүүлийн гурван жилд тав дахин буюу 1.5 сая болтлоо буурчээ. Ялангуяа Өмнөд Африк, Этиопод нөхцөл байдал сайжирсан гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс ирэх жилүүдэд ДОХ өвчний тархалтыг зогсоох боломжтой болно гэж НҮБ үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: www.mminfo.mn