“Glamour Art gallery”-аас санаачлан, жил бүрийн зун цагт уламжлал болгон “Ялгуун” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. Тус үзэсгэлэнг эмэгтэй уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, уран бүтээлийг нийтэд хүргэх мөн зун цагийн онцлог, гоёмсог өнгийг уран бүтээлээр нь дамжуулан илэрхийлэх зорилгоор зохион байгуулдаг байна.
Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 24-ний 17.00 цагт Гламур арт галерейд болж, 31-нийг хүртэл үргэлжилнэ. “Ялгуун” үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс шилдэг бүтээл шалгаруулдаг уламжлалтай. Шилдэг бүтээлийн эзэнд галерейн нэрэмжит шагнал болох бие даасан үзэсгэлэнгээ тус галерейд гаргах эрх олгодог.
Энэ үзэсгэлэнд эмэгтэй уран бүтээлчид чөлөөт сэдвээр уран зураг, монгол зураг, зураасан зураг, уран бичлэг, уран баримал, керамик, сийлбэр, эсгий урлал, холимог техник гэх мэт бүх төрлийн бүтээлээрээ оролцох боломжтой аж.
О.САРНАЙ