Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын арслан Х.Мөнхбаатар энэ жилийн баяр наадмаар төрийн их баяр наадамд арав дахь удаагаа шөвгөрлөө. Тэгэх тэгэхдээ тэнхээт арслан арван жил дараалан шөвгөрчээ.
Бөхчүүдийн хэн нь ч дээш гарч барилдаг болсон өрсөлдөөн ихтэй өнөө цагт, нөгөөтэйгүүр дийлэнх нь цол, эрэмбэндээ багтаж барилдаж гавихгүй байгаа энэ олон том цолтнууд дунд арван жил амжилтаа хадгалж барилдана гэдэг жинхэнэ ясны бөхийн шинж юм. Хэзээний билээ наадамд эртний дэвээ, шавааг үзүүлж, наадамчин олныг цэнгүүлж байсан арслан Х.Мөнхбаатар өнөө жилийн наадмаар арав дахиа шөвгөрсөн амжилтаа дуурсан, талбай дээр хуруугаараа арав хүртэл тоолчихоод тугаа тойрч байгаа харагдсан.
Улсынхаа наадамд арван жил тасралтгүй шөвгөрсөн Монгол Улсын өсөх идэр, саруул сайжрах, хуурнин шуугигч, цогт гарамгай, өлзий бадрах, үлэмж дэлгэрэх, бат нягт арслан Х.Мөнхбаатар гэж ёстой л цолондоо эзэн болсон, жинхэнэ АРСЛАН юм. Ингэж тогтмол амжилттай барилдахад нь их спорт, жүдо бөхөөр хичээллэдгийн үр нөлөө ч их байдаг биз ээ.
Арслан Х.Мөнхбаатарын 10 жил дараалан шөвгөрсөн амжилт:
2000 онд Хөвсгөл аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол
2001 онд Улсын наадамд 5 давж, улсын начин цол
2002-2004 оны хооронд бэртлийн улмаас барилдаагүй.
2005 онд Улсын наадамд 7 давж, Улсын заан цол
2006 онд Улсын наадамд 6 давж, Үнэн зоригт чимэг
2007 онд Улсын наадамд 9 даван түрүүлж, Улсын арслан цол
2008 онд Улсын наадамд 5 давж, Өсөх идэр чимэг
2009 онд Улсын наадамд 7 давж, Саруул сайжрах чимэг
2010 онд Улсын наадамд 7 давж, Хуурнин шуугигч чимэг
2011 онд Улсын наадамд 6 давж, Цогт гарамгай чимэг
2012 онд Улсын наадамд 7 давж, Өлзий бадрах чимэг
2013 онд Улсын наадамд 6 давж, Үлэмж дэлгэрэх чимэг
2014 онд Улсын наадамд 6 давж, Бат нягт чимэг тус тус хүртчээ.
Б.БАЯСАХ