Хуучирсан мэдээ: 2014.07.17-нд нийтлэгдсэн

Усанд үйсээр байх уу?

“Гурван сая хүнтэй хэрнээ зундаа зуугаараа усанд живээд байх харамсалтай байна” гэдгийг Онцгой байдлын ажилтан зурагтаар ярьж байхыг сонсов. Урин дулаан цаг, аялал жуучлалын улирал ирсэнтэй холбоотойгоор сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгэн усанд осолдсон, үйсэн гэх мэдээлэл тасрахаа болив. Хэдийгээр  Монголд дотоодын аялал эрчимтэй хөгжиж, монголчууд эх орныхоо газар нутаг, байгалийн сайханд амарч зугаалах нь ихэссэн ч нэг аюул  нь  үе усны болоод зам тээврийн осол болчихоод байна. Сэтгэл  нь хөөрсөн дэрвэсэн хүмүүс нэг болгоомж алдангуут насан туршдаа гэмшил дагуулах үйлдэл  болж хувирдагийг олон олон  бодит жишээ гэрчилж байна. Ялангуяа өсвөр насныхан болоод залуучууд үер усны ослоор хэдэн арваараа амиа алдана гэдэг харамсалтай явдал.

Долдугаар сар гарсаар 18 хүн усан үйж амиа алдсан гэх харамсалтай мэдээлэл байна. Тэдний дийлэнх нь залуучууд аж. Энэ бил хур бороо ихтэй байгаас болоод гол мөрний усны төвшин  нэмэгдэж,  холбогдох газруудаас ч  гол мөрний сав газраар нутаглаж байгаа малчин иргэд болон аялал, зугаалгаар явж байгаа хүмүүсийг анхаарал болгоомжтой байхыг сануулж байгаа юм.

Сэлэнгэ аймагт гэхэд 18-20 насны таван залуу зугаалгаар явж байгаад усанд осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна.   Тэгвэл өнгөрсөн онд 100 гаруй иргэн үер усны аюулаар амиа алдсан бөгөөд тэдний дийлэнх нь  хүүхэд залуучууд байгаа талаар ч мэргэжлийн байгууллагынхан анхааруулж байна.   Эцэг эхчүүд зугаалгаар явж байхдаа бага насны хүүхдүүдээ байнгын хараа хяналтан дороо байлгах, залуучууд архи дарс хэрэглэсэн тохиолдолд усанд ойртохгүй байх нь ядаж л өөрийнхөө болон үр хүүхдийнхээ амь насыг хамгаалах урьдчилсан арга хэмжээ болох юм.

 Манай эцэг эхчүүд хайнга. Гол ус бараадаад хүүхэд шуухдаа мартах нь холгүй найрлаад эсвэл тоглоод суучихдаг. Үүнээсээ болоод нэг насаараа харамсч үлдэх гашуун зовлонг амсах нь бий.  Нөгөөтэйгүүр аялал, зугаалгаар яваа газар мэдэхгүй хүмүүс заавал баталгаат гүүр, гармаар гарахгүй бол машинтайгаа усанд боогдох, живэх явдал ч гарч байсан билээ.

 Онцгой байдлаас өгсөн албаны мэдээгээр Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй Туул голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15 см нэмэгдсэн байна. Тэгвэл Хэрлэн, Ховд,  Буянт, Байдраг гол, Увс нуур, Хархираа голын үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байгаа онцгойхон анхааруулсаар.  Тиймээс бусдын сануулгыг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргалгүй, аливаа асуудалд болгоомжтой хандах нь амиа аварч байгаа нэг үйлдэл болно.

Монголчууд усанд ам гардаггүй гэж ярьдаг. Тиймээс бие биенээ хөөрөгдөж голын усанд орохгүй байх, хүүхэд шуухдаа дэргэдээсээ салгахгүй байх хэрэгтэй байна. Айж явах аминд өлзийтэй гэдэг үг бий. Амралт зугаалгаас илүү хямдхан амь нас гэж байх учиргүй шүү дээ.

Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж