Гадаадад аялсан иргэдийн зардлын тайланг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.07.16-нд нийтлэгдсэн

Гадаадад аялсан иргэдийн зардлын тайланг гаргажээ

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн статистикт аялал жуулчлалын үйлчилгээтэй холбогдох орлого, зарлагыг үйлчилгээний дэд дансанд бүртгэдэг ба тоон мэдээллийн чанарыг сайжруулах ажлын хүрээнд 2014 оны эхний хагас жилд “Гадаадад аялж буй Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г гаргажээ. Энэ нь Монгол иргэдийн гадаад орнуудад аялахдаа зарцуулсан дундаж зардлыг тодорхойлох, аяллын үйлчилгээтэй холбоотойгоор гарч буй валютын урсгалыг тооцоолох үндсэн зорилго агуулсан байна. Судалгааг Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран хийжээ.

Судалгаагаар гадаадад аяласан Монгол иргэдийн дундаж зардлыг аялсан улс, зорчсон хоног бүрээр, мөн БНХАУ-д аялж буй иргэдийг хилийн боомт тус бүрээр тооцоолсон нь цаашид төлбөрийн тэнцэл, аялал жуулчлалын статистикийн чанарыг сайжруулах ач холбогдолтой болсон тухай холбогдох газраас онцоллоо.

Монгол иргэдийн хувьд зорчсон улс, хугацаанаасаа хамаарч зарцуулсан зардлууд нь харилцан адилгүй бөгөөд түүврийн дунджаар 1622 ам.доллар юм байна. Энэ нь одоогийн төлбөрийн тэнцэлд ашиглагдаж буй 2005 оны судалгааны дундаж зардлаас 3.1 дахин өндөр үзүүлэлт аж. Мөн жуулчдын 80-аас дээш хувь нь өөрөө аяллаа зохион байгуулдаг бөгөөд аялах үедээ төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр хийдэг. Олон улсын тээврээс бусад зардлынхаа хамгийн өндөр буюу 30 орчим хувийг дэлгүүрийн худалдаанд зарцуулдаг зэрэг дүн гарчээ.

Гадаадад аялж буй иргэдийг аяллын үндсэн зорилгоор нь авч үзвэл 44 хувь нь амралт, аялал жуулчлалын зорилгоор, 32 хувь нь албан томилолт, бизнесийн зорилгоор, 12 хувь нь эрүүл мэндийн үзлэг, 7 хувь нь боловсрол, 5 хувь нь ажил эрхлэлтийн зорилгоор гадаадад аялж байгаагаа судалгаанд онцолжээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж