Шүүгч нарт зориулсан сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.07.16-нд нийтлэгдсэн

Шүүгч нарт зориулсан сургалт эхэллээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар долдугаар сарын 7-нд нэр бүхий 46 хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилсон билээ. Албан үүргээ хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа эдгээр шүүгчдэд зориулсан сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл дээр эхэллээ.

Сургалтанд анхан болон давж заалдах шатны шинээр томилогдсон 46 шүүгч хамрагдаж байна. Эдгээр шүүгчдэд үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн суурь зарчмууд, шүүгчийн ажил, мэргэжлийн онцлог, шүүгчийн хараат бус байдал, ёс зүй, шүүхийн хэрэглээний програм зэрэг шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай түгээмэл мэдлэг олгож, салбар эрх зүй тус бүрээр үндсэн болон процессын онцлогийг тодорхойлсон суурь мэдлэг, ур чадвар олгоход сургалтын зорилго оршиж байгаа юм байна. Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа нар оролцлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж: “Хууль тайлбарлах эрх гагцхүү шүүгчид олгогддог. Юм мэддэг хүн хууль тайлбарладаг. Юм мэддэг байхын тулд сайн унших хэрэгтэй.Цаасан дээр гаргасан шийдвэрээр чинь л хэр шүүгч байсныг чинь илтгэнэ” хэмээж шударга ёсны үйлчилгээг хүргэх ажилд нь амжилт хүслээ. Сургалтын сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Хуульзүйн яам, Хуульзүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн 1,2 дугаар шүүх зэрэг шүүх эрх мэдлийн, хууль сахиулах болон хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид, доктор профессорууд ажиллаж байна. Сургалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж