BRICS Латин Америкийг дагуулав

Хуучирсан мэдээ: 2014.07.16-нд нийтлэгдсэн

BRICS Латин Америкийг дагуулав

 

Бразилийн Форталезе гэх амралтын хотод BRICS бүлгийн буюу Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн лидерүүдийн саммит эхлэв. Долдугаар сарын 15-нд эхэлсэн саммитын эхний өдөр Форталезегийн конгресс төвийн хурлын танхимд тэргүүнүүд хэлэлцээ хийлээ. Уулзалт эхлэхийн өмнө Бразилийн ерөнхийлөгч хатагтай Дилма Роуссефф төлөөлөгч бүрийг хүндэтгэн мэндэлж, зургаа татуулжээ.

Тэд BRICS-ийн орнуудын хөгжлийн шинэ банк байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Банкны зөвшөөрөгдсөн хөрөнгийн хэмжээ 100 тэрбум ам.доллар байх юм. Хамтарсан бичиг баримтад гарын үсэг зурсны дараа тэд өргөтгөсөн бүрэлдэхүүнээр саммитийг үргэлжлүүлэхээр Бразилиа хотод очжээ.  

Бразилийн ерөнхийлөгч  Дилма Роуссефф, Оросын ерөнхийлөгч  Владимир Путин нар саммитын үеэр. Фото:  ИТАР-ТАСС/ Михаил Метцель

Бразилиа хотод болох BRICS-ийн саммитийн хоёр дахь өдрийн хуралдаанд Латин Америкийн зарим орны ерөнхийлөгч уригдсан байна. Тэдэнтэй лидерүүд тусгайлан уулзжээ. Бразилд хийсэн айлчлалынхаа явцад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Бразилиа хотод айлчлан, ерөнхийлөгч Дилма Роуссеффтай хэлэлцээ хийсэн юм. В.Путин Латин Америкийн орнуудад хийсэн айлчлалаа долдугаар сарын 16-нд дуусгаж байгаа бөгөөд тэрбээр Бразилд очихоос өмнө Куба, Никарагуа, Аргентинд  айлчилжээ.

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах дараагийн тэмцээнийг нутагтаа зохион байгуулах ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин шигшээ тоглолтын дараагаар Германы канцлер Ангела Меркельтай уулзсан байна. Түүнчлэн В.Путин саммитийн үеэр  BRICS-ийн лидерүүд тусгайлан уулзсан бөгөөд энэ уулзалтаас хамгийн их анхаарал татсан нь Хятадын лидертэй хийсэн уулзалт байсан талаар хэвлэлүүд бичиж байна.

Хятад, Орос хоёрыг хамтарч бизнес хийх нь бүтэхгүй хэмээн саммитийн өмнө барууны хэвлэлүүд шуугиж байв. Харин одоо тэд хоёр их гүрнийг бизнесээс гадна улс төрийн үзэл, ер нь бүхий л талаараа ойртон нягтарч байгааг бичиж байна.

Фото: AP Photo/Mark Ralston

Ноён Путин Хятадын удирдагч Си Жиньпинтэй уулзахдаа “Манай хоёр орны бүхий л салбарт хамтын ажиллагаа хүчээ авч байна. Бид маш идэвтэй ажиллаж байгаа” гэдгийг хэлжээ. Си Жиньпин  хариуд нь “Бид хоёр улсын харилцааг шинэ төвшинд гаргаж байна” гэдгийг онцолсон бөгөөд тэд цэргийн салбарын хамтын ажиллагаа болон олон улсын асуудлаар санал солилцжээ.

Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч ирэх арваннэгүгээр сард Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны саммитад оролцохоор Хятадад очно гэдгээ баталгаажуулсан байна. Харин 2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад Хятад улс ОХУ-д тусална хэмээн найрсаг зан гаргажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж