Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод болсон эмгэнэлтэй үйл явдалтай холбогдуулж, мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарт энэ хэрэгтэй холбогдуулж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна гэжээ. Мөн жил бүрийн долдугаар сарын 1-ний өдрийг “Дарангуйллыг сануулах өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан байна.
Мэдэгдэлд “2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлыг Монгол түмэн үл хайхрах, тэр тусмаа мартах эрхгүй. Энэхүү үйл явдлын мөн чанар цаг хугацааны шалгуураар улам бүр тодорхой болсоор байна.
Онцгой байдал зарлан, гэм зэмгүй 800 орчим иргэнийг, үүний дотор насанд хүрээгүй олон хүүхдийг хоморголон баривчилж, 270 гаруй хүнийг эрүүгийн хэрэгтэн болгохдоо хүн бүрийн хийсэн буруутай үйлдлийг олж тогтоосны дараа бус хоморголон баривчилж, эрүүдэн байцааж, урьдчилан төлөвлөсөн хэрэг хүлээлгэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Онцгой байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг олон хууль, хүний эрхийг ноцтой зөрчсөний хамт Монгол Улсад ТӨРИЙН ДАРАНГУЙЛАЛ хүчтэй хэвээр байгааг харуулсан бодит баримт болсон.” гээд “Онц байдал” тогтоох шийдвэр гаргаж, дээрх цуст террор үйлдэгдэх боломж бүрдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГСДИЙН ХОЛБОО хатуу шаардаж байна” гэжээ.
Г.ДАРЬ