Надежда Савченко гэж хэн бэ? Украины ерөнхийлөгч Петр Порошенко хүчний байгууллагадаа ямар нөхцөл байдлаар Украины иргэн Надежда Савченко Оросын нутагт баригдсаныг шалгах үүргийг өгчээ. Ерөнхийлөгчийн тушаалд түүнийг хүчээр авч явсан байх талтайг өгүүлсэн байна. Оросын телевиз, радиогийн улсын хорооны сурвалжлагч нар Луганскт амь үрэгдсэн хэрэгт Надежда Савченког хамаатай гэж орос мөрдөн байцаагчид буруутгаж байгаа юм.
Одоо тэр эмэгтэйг Воронеж хотын урьдчилан хорих төвд наймдугаар сарыг дуустал саатуулах шүүхийн шийдвэр гарсан байгаа. Оросын мөрдөн байцаах хороо тэр эмэгтэйг Оросын нутаг дэвсгэрт барьж саатуулсан гэж байгаа. Оросын тусгай албаныхан тэр эмэгтэй нь сэтгүүлчдийг буудахад галыг нь чиглүүлсэн гэж үзэж байгаа юм.
Киев хотын уугуул эмэгтэй дөнгөж гуч гаруй настай Надежда Савченко нь сүүлийн арваад жилийг армид өнгөрөөсөн ба Украины армийн үзүүлэнгийн цэрэг Жейн юм. Түүний талаар эх оронч баримтат киног бүтээсэн байна. Харин одоо тэр өөрийн дуртай “Шоушенкаас оргосон нь” киноныхоо баатрын хэмжээнд очоод байна.
Сургуулиа төгсгөөд Савченко моделийн дизайнчаар ажиллангаа сэтгүүлчийн ангид суралцаж эхэлжээ. Агаарын десантын цэргийн сургуулийг дүүргээд дараа нь Харьковын Иван Кожедубын нэрэмжит Нисэх хүчний их сургуульд суралцаад МИ-24 нисдэг тэрэгний штурман болжээ. Энэ завсар тэрээр Иракт энхийг сахиулагч хүчний бүрэлдэхүүнд байлаа. Тэр үеийнх нь видео бичлэг ч үлдсэн байна. Тэрээр нисэх хүсэлтэй, жинхэнэ нисгэгч болохын тулд дарь үнэртэх хэрэг гарсан хэмээн ярьсан байдаг.
Энэ жилийн зургадугаар сард Надежда Савченко Киевын талын сайн дурынхны “Айдар” суманд элссэн байна. Уг суманд тэрээр сарын хугацааг өнгөрөөжээ Луганскийн орчим Металлист тосгонд орос сурвалжлагч нар Игорь Корнелюк, Антон Волошин нар зургадугаар сарын 17-нд амь үрэгдсэн нөхцөл байдал бүрэн тодорхой биш.
Оросын Мөрдөн байцаах товчооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин хэлэхдээ, Савченконь орос сэтгүүлчдийн байрлалыг тогтоогоод “Айдар” сумангийн даргадаа дамжуулсан гэсэн. Түүнийг чиглүүлсэн баримжаагаар миномётаар буудсанд сурвалжлагч нар өртжээ гэж мөрдөн байцаагчид хэлж байгаа. Харин Киевын талынхан тэр үеэр хүнд их буугаар гал нээж байсан гэж хэлдэг.
Хэд хоногийн дараа зургадугаар сарын 24-нд интернэтээр Надежда Савченког байцааж байгаа бичлэг цацагдсан юм. Тэрээр Металлист тосгоны хавиас баригдсан байжээ. Байцаалтад өөрийгөө зарлан тунхагласан Луганск ард улсын дайчдаас гадна Оросын “Комсомольская правда” сонины сурвалжлагч оролцсон байв. Түүний байцаалтын дагуу хожим ярилцлага хийгдсэн байна. “Манай шархдагсдын хойноос би явсан. Металлист тосгоны ойролцоо манай хоёр хуягтыг сөнөөсөн байсан юм. Тэгээд л би шархдагчдын хойноос явсан. Дөрвөн хүн шархадсан байсан. Би машин ирүүлээч гэж хүссэн. Тэгээд л баригдсан” гэж ярьсан Савченкогийн яриаг “Комсомольская правда” сонин нийтэлсэн байлаа. Баригдах үед нь автомат буу байсан уу гэсэн асуултат Савченко “Байсан. Би ногоорох өвсний зүг буудаж байсан. Хэн нэгнийг оносон уу гэдгээ хэлж мэдэхгүй” гэж хэлжээ.
Цааш нь юу болж өнгөрсөн нь огт ойлгомжгүй байгаа юм. Оросын мөрдөн байцаах товчооныхон Надежда Савченко хилээр дүрвэгч болон орж ирэхдээ ямар нэгэн бичиг баримтгүй байсан гэж байгаа. Дараа нь нэгэн сууринд нэр хаягийг нь тодруулах үеэр баригдсэн гэв. Уг албаны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин ийм тохиолдолд Савченко олзноос хэрхэн зугтсаныг тайлбарлах гэж оролдоогүй. Харин энэ эмэгтэйг барих нь Оросын хууль дүрмийн дагуу явагдсан гээд хэлмэрчтэйгээр энэ тухай Украины Элчин сайдын яаманд мэдээлсэн гэжээ. Украины ерөнхий прокурор Виталий Ярема, тэр эмэгтэй хэрхэн Оросын шоронд орсныг мэдэхгүй гэлээ.
Одоо түүнд хоёроос дээш хүнийг хөнөөх хэрэгт тус дэм хүргэсэн гэх ялыг тулгаад байгаа ба Воронеж хотын шүүх тэр шийдвэрийг нь хэвээр үлдээсэн юм. Украины тал өөрийн иргэнээ хулгайлагдсан гэж үзэж байгаа ба тэр нь олон улсын эрх зүйг зөрчсөн, Донбасст энхийг хэлэлцээрийг сэргээхэд саад болж байна гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР