Энэ жилийн баяр наадмаар монголчууд тав хоног амарч байгаа. Баяр наадмын энэ өдрүүдэд Туул голын эрэг дагуу амарч, зугаалах хүмүүс ч олон байлаа. Харамсалтай нь тэдгээр амрагчид байгаль орчноо бохирдуулж, сүйтгэж байгаадаа огтхон ч сэтгэл эмзэглээгүй бололтой.
Цагдаагийн ажиолтнууд, онцгой байдлынхан, байгаль хамгаалагчид байнгын эргүүл хийж голын эрэг дагуу амарч байгаа хүмүүсийг хогоо хаяхгүй, байгаль орчноо бохирдуулахгүй байхыг сануулж байсан ч аялагчид үгэнд нь орохгүй байгаа талаар тэд ярьж байна.
Уг нь сошиал ертөнцөд өдрийн талыг барж, уран цэцэн үгээр уралдан эх орондоо жигтэйхэн хайртай хэмээн компьютерийн цаанаас цээжээ дэлдэх монголчууд яг үнэндээ эх орон, газар, шороо байгаль дэлхийдээ хайртай гэдэгт нь эргэлзмээр Туул гол амрагч, зугаалагчдын идсэн хоолны хог, уусан ундаа, пивоны хуванцар сав, шил лаазанд дарагдчихаж.
Уг нь идсэн уусныхаа хогийг дор бүрнээ цэвэрлээд явчихвал Туул гол хогонд дарагдахгүй байсан биз.
Аливаа асуудалд улс төрийн өнцөгөөр хандаж, жигтэйхэн эх орончид гэдгээ компьютерийн цаанаас бичих сэтгэдлээрээ харуулах монголчууд ядаж л тарьсан хогоо цэвэрлэж сурсныхаа дараа эх оронч гэж өөрийгөө дүгнэх хэрэгтэй байх. Тэгэхгүйгээр гудамжинд нус цэр, тамхиныхаа иш, хаа таарсан газраа хогоо хаячихдаг хэрнээ өөрийгөө эх оронч гэж бодож байгаа бол том эндүүрэл биз. Эх орон ширхэг чулуунаас эхэлдэг. Тэгэхээр байгаль, дэлхий уул усаа хайрлаж чадахгүй байж би эх оронч хэмээн хашгирч байгаа монголчууд эхлээд тархин доторх хогоо цэвэрлэж сурах хэрэгтэй байна.
Наадамчин олны хөлд дарагдсан Туул гол нэг иймэрхүү дүрх төрхтэй байна.
О.САРНАЙ