Энэ жилийн дэлхийн цомын тэмцээн хөлбөмбөгийн тоглогчид, хөгжөөн дэмжигчдийн нервийг барсан олон үйл явдлаар дүүрэн үргэлжилж байна. Эхнээсээ л вувузела гэх хуванцар бүрээн дуу чихэнд чийртэй хангинаж, тоглогчдыг унтуулж амраахгүй байдалд хүргэсэн бол дараа нь шүүгчдийн алдаатай, эргэлзээтэй шийдвэрүүд тоглолтын хувь заяаг шийдэж хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдийн уур хилэнг маш ихээр хүргээд байгаа. Эхний асуудал дээр ФИФА ямар ч арга хэмжээ авахгүйгээ мэдэгдсэн бол шүүгчийн асуудлыг чангахан шийдэх бололтой. Өнөөдөр шөвгийн наймын тоглолтыг шүүх 30 шүүгчийн нэрс тодорхой болно. Эдгээр шүүгчдийн бүрэлдэхүүнд өмнөх тоглолтуудад алдаа гаргасан шүүгчид багтахгүй бололтой. Мэдээж АНУ-Словенийн тоглолтыг шүүж Америкийн зүй ёсны нэг гоолыг тооцоогүй Мали улсын шүүгч Коман Кулибали, Бразил-Кот Д’Ивуарын тоглолтыг шүүж Луис Фабианогийн гар хүрэлт болон Какад улаан карт өгдөг Францын шүүгч Стефан Ланной, Англи-Германы тоглолтыг шүүж, Фрэнк Лампардын гоолыг тооцоогүй Уругвайн шүүгч Хорге Ларионда болон Аргентин-Мексикийн тоглолтод Тевезийн отон тоглолтоос оруулсан гоолыг тооцсон Италийн шүүгч Роберто Россети нарын хувьд шөвгийн наймын тоглолтыг шүүх магадлал нь тэг хувьтай байна. Ямар шүүгчид үлдсэн тоглолтуудыг шүүх болсон талаар бид маргааш мэдээлэх болно.
Холбоотой мэдээ