2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Бразил Недарландын шигшээ багт ялагдсанаар дөрөвдүгээр байрт шалгарлаа. Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг ДАШТ-ийг зохион байгуулахын тулд нилээдгүй саад бэрхшээлтэй тулсан. Тэр ч утгаараа тэдэнд алтан медаль, үгүй ядахдаа мөнгө, хүрэл медаль хэрэгтэй байсан. Гэвч тэд мөнгөн медалийн төлөөх тоглолтод Германы шигшээ багт 7:1-ээр, хүрэл медалийн тоглолтод Нидерландын шигшээ багт 3:0-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр медальгүй хоцорлоо.
Шийдвэрлэх тоглолтод залуу довтлогч Неймар оролцоогүй. Шөвгийн наймын Колумбтай хийсэн тоглолтод Неймар бэртэл авч талбайг орхисон. Улмаар үлдсэн тоглолтод оролцох боломжгүй болсон түүнд багийн андууд "түүнийг эзгүйд бид итгэлийг нь алдахгүй" гэж амлаж байсан. Гэвч байдал эсрэгээр эргэсэн. Германтай хийсэн тоглолтод хаалгандаа долоон гоол алдсан Бразилийн шигшээ багийн залуус өнөөдөр бас гурван гоол алдаж, нутгийн дэвжээн дээрээ гутамшигт ялагдлаа үргэлжлүүллээ.
Бразилийн шигшээ багийн гол тоглогч болж байсан Неймар ийнхүү дэлхийн аваргыг амжилт муутай өндөрлүүллээ. Тэрээр энэхүү дэлхийн аваргад дөрвөн гоол оруулсан амжилтаар мэргэн буучдын жагсаалтад Аргентиний Лионель Месси, Нидерландын Робин ван Перси нарын хамтаар 3-5 байрт бичигдэж байна. Тэдний урд зургаан гоолтой Колумбийн Хамес Родригес, таван гоолтой Германы Томас Мюллер нар буй.
Өдгөө 22 настай Бразилийн залуу од Неймар дараагийн дэлхийн аваргыг хүлээх л үлдлээ.
Ч.ШАРХҮҮ