Үндэсний их баяр наадмын дараа уламжлал болгон зохион байгуулагдах болсон “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр Чингисийн талбайд болж байна.
Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг гайхуулах зорилгоор "Дээлтэй Монгол" наадмыг жил бүрийн долдугаар сарын 13-нд зохион байгуулдаг. Найм дахь удаагийн арга хэмжээнд үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, соёлын биет болон биет бус өвийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулагдаж байна.
Өмнөх жилүүдэд “Дээлтэй Монгол” наадмыг аялал жуулчлалын байгууллага, компаниудтай хамтран зохион байгуулдаг байсан бол энэ удаа урлагийн байгууллагуудтай хамтарч байгаагаараа онцлогтой аж.
Наадамд нийслэлийн есөн дүүргийн оршин суугчид, урлагийн од үндэсний дээл, хувцастай жагсаал зохион байгуулж, үйл ажиллагааны төгсгөлд шилдгүүдээ тодруулна.
"Дээлтэй Монгол-2014" наадмын хөтөлбөрийн дагуу “Хамгийн бяцхан үндэсний хувцастай оролцогч”, “Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч”, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, шилдэг зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон дүүргийг шалгаруулах юм байна. Наадмын үйл ажиллагаа 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ.