Өдгөө 42 настай мөсөн талбайн баруун жигүүрийн тоглогч Марк Реччиг “Бостон Брунс” баг дахин нэг жил багтаа тоглуулахыг хүсч, түүнтэй нэг жилийн гэрээг шинээр байгуулжээ.
Ингэснээр Реччи “Брунс”-ын өмсгөлтэй дахин нэг улирал тоглох болсноос гадна 22 дахь жилдээ Үндэсний хоккейн лигийн тоглогчийн эгнээнд багтах болж байна.
Шинээр гэрээ хийж байгаа лигийн хамгийн ахмад тоглогч болсон Реччи шинэ гэрээндээ ихэд сэтгэл хангалуун байгаагаас гадна драфтын номер хоёр сонголт Тайлер Сегуйнтэй хамтдаа мөсөн талбайд гарах болсондоо баяртай байгаа гэнэ.
Дөнгөж 18 настай рүүки тоглогч Сегуйн Реччигийн багт эрч хүчийг авчрах бол Реччи өөрөө арвин туршлагаар тус болох юм.
Долоон удаа бүх оддын тоглолтод сонгогдон оролцож байсан Реччи анх Питсбург хотын багаас Үндэсний хоккейн лигийн гараагаа эхлүүлж байсан юм. Түүнээс хойш 922 ашигтай дамжуулалт, 563 гоолыг оруулаад байна.
Дамжуулалтаараа тэрбээр одоо тоглож байгаа бүх тоглогчдыг тэргүүлж байдаг бол оруулсан гоолоороо хоёрдугаарт жагсдаг. Тус лигт 1571 тоглолт хийсэн ес дэх тоглогч болсон Реччи ердөө хоёр долоо хоногийн өмнө зодог тайлах талаар бодож байсан боловч тоглох хүсэлтэй байсан учраас дахин нэг жилийг мөсөн талбайдаа өнгөрүүлэхээр болжээ.
“Бостон Брунс” өнгөрөгч улиралд бүсийнхээ хагас шигшээд 3:0 харьцаатай “Филаделфиа Флайерс” багийг илүүрхэж яваад дараалан дөрөв хожигдож тэмцээнээ дуусгасан юм.
Одоо тэд залуу тоглогч Сегуйнээр хүчээ зузаатган Стэнлийн цомын төлөөх дайралтаа дахин эхлүүлэх гэж байна.
Реччи өнгөрсөн улиралд 18 гоол, 25 гоолын ашигтай дамжуулалт өгч, плей-оффт зургаан гоол, дөрвөн оновчтой дамжуулалтыг хийжээ. Гэвч хожил авч чадаагүй.
“Питсбург”, “Монреал”, “Каролина”, “Филаделфиа”, “Тампа Бэй” багуудад хүчин зүтгэж байсан Реччи хэрэв одоо 48 настай Крис Челиос зодог тайлахаар болвол тус лигийн хамгийн ахмад тоглогч болох юм. Челиос 26 жил NHL-д тоглосон тоглогч юм.