Түрүүлсэн морьдын цолыг дуудаж байна

Хуучирсан мэдээ: 2014.07.12-нд нийтлэгдсэн

Түрүүлсэн морьдын цолыг дуудаж байна

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байгаа энэ торгон агшинд нас, насны морьдын уралдаанд түрүүлж, түрүү айраг авсан морьдын цолыг дуудаж бай шагналыг нь гардуулж байна.

Одоогоор азарга, их нас, соёолон насны морьдын цолыг дуудаад байна.

Азарганы уралдаанд 223 шандаст  хүлэг тоосоо өргөснөөс Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баянбатын хонгор түрүүлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын халиун, айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын уугуул Э.Тамирын хүрэн халзан, дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын С.Цэмбэлийн зээрд, айргийн тавд Завхан аймгийн уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Б.Оргилын оодон халтар хурдлан ирсэн юм.

Их насны морьдын уралдаанд газар, газрын 320 гаруй шандаст хурдан хүлэг тоосоо өргөснөөс Хэнтий аймгийн Галшар сумын уяач А.Амарбатын хул морь түрүүлж, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Баясгалангийн суман хүрэн,  айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн “Хөх чоно” группийн уяач н.Пүрэвбаатарын загал, дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул С.Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хүрэн хурдлан ирж, наадамчин олноо баясгасан юм.

Соёолонгийн уралдаанд 250 орчим хурдан хүлэг шандас сорьсоноос Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн халтар соёолон  түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн сартай зээрд,  айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж. Бат-Эрдэнийн ногоон, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Т.Гантөмөрийн бор хул, айргийн тавд Дорнод аймгийн Баяндун сумын уяач П.Цэгмидийн хул хурдалсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж