Гоц мэргэн, гарамгай мэргэн төрлөө

Хуучирсан мэдээ: 2014.07.12-нд нийтлэгдсэн

Гоц мэргэн, гарамгай мэргэн төрлөө

Үндэсний сур харваанд эрэгтэйчүүдэд хошой мэргэн Л.Отгонбаяр түрүүлж гоц мэргэн, эмэгтэйчүүдэд гоц мэргэн Х.Оюунчимэг нар түрүүлж гарамгай мэргэн цол хүртлээ.  

 

 

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сур харваа буюу халх харваа гурван өдөр явагдаж дүнгээ гаргалаа.

Үндэсний сур харваа буюу халх харваанд эрэгтэй 280, эмэгтэй 80, нийт 360 орчим харваач оролцлоо. Үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур болно. Эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м-ээс тус тус 40 сум тавиж, аваргуудаа тодруулдаг. Хана харваа нь 60 сурыг 3 үе өрөх бол хасаа харваа 40 сурыг 2 үе өрж харвадаг.

Хана болон хасаа харвааны нийлбэр 36 сумнаас дараах шилдэг найман харваач шигшээд шалгарсан.

Эрэгтэйчүүдээс шилдэг наймд: (хана харваа 20, хасаа харвааны 16, нийт 36 сум)

Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн УБЭҮ-ийн "Хангарьд" спорт клубын тамирчин, "Алтан Дорнод Майнинг сервис" ХХК-ий харваач, Монгол Улсын хошой мэргэн Ламжавын Отгонбаяр 34 оноогоор

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, "Алдарт" спорт хороо, Жем интернэшнл ХХК-ийн тамирчин спортын мастер Б.Батбаатар 34 оноогоор

Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн Зуун мэргэн холбоо, "Мандухай цэцэн" ХХК-ий харваач, улсын мэргэн, спортын мастер С.Өлзийсайхан 33 оноогоор,

Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Алдарт спорт хороо, ЗХ-ий 330-р анги, Монгол Ус ТӨК-ийн харваач Б.Баярсайхан 32 оноогоор,

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Орхон аймгийн "Хангарьд" клуб, "ГЛОЖЕКС" ХХК-ийн харваач улсын мэргэн Б.Ёндон 32 оноогоор,

Баянхонгор аймгийн Баянлаг сумын уугуул, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, спортын мастер А.Төртогтох 32 оноогоор,

Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Багануур дүүргийн Уурхайчин баг, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨК-ий харваач хошой мэргэн Д.Нямсүрэн 31 оноогоор,

Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, "Хангарьд" клубын тамирчин, Орхон аймгийн ЗДТГ-ын харваач, Орхон аймгийн ЗДТГ-ын дарга, хүндэт мэргэн Ваанчигийн Сумъяасүх 31 оноогоор тус тус шалгарлаа.

Ингээд шигшээ харваанд шалгарсан харваачид хасаа харвааны сүүлийн дөрвөн сумаа тавьж, хошой мэргэн Л.Отгонбаяр, спортын мастер Б.Батбаатар нар 38 оноотой тэнцэж, товх харваснаар Л.Отгонбаяр улсын наадмын гурав дахь түрүүгээ (сүүлийн хоёр жил дараалан) хүртэж, гоц мэргэний болзол хангалаа. Аваргын төлөө товх харвасан харваачдын хувьд өнгөрсөн жилийн наадмын шигшээд шалгарч байжээ. Б.Батбаатар түрүүлбэл улсын мэргэн цол хүртэх байсан. Гэвч товх харваанд Л.Отгонбаяр мэргэн илүүрхэж, улсын наадамд гурав дахь удаагаа түрүүлж, гоц мэргэн цол хүртлээ. Тэрээр "Би улсын наадамд долоо дахь жилдээ сур харваж банйа. Өнгөрсөн жилийн наадмаар Б.Батбаатартай 40 сумнаас 35 онож, товхолж түрүүлэн хошой мэргэн цол хүртэж байсан. Энэ жил бас бидний оноо тэнцлээ. Энэ жил харваачид үнэхээр сайн байна. Оноо ч өндөр гарлаа. Бид 38 оноогоор тэнцэж, товх харваанд алдсангүй. Улсынхаа их баяр наадамд амжилтаа ахиулж, мэргэн цолоо ахиулсандаа сэтгэл өндөр байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Спортын мастер С.Өлзийсайхан 37 оноогоор гуравдугаар байрт шалгарсан бол улсын мэргэн Б.Баярсайхан, спортын мастер А.Төртогтох нар 36 оноогоор дөрөв, тавдугаар байрт шалгарлаа. Шилдэг наймд шалгарсан "Хангарьд" клубийн тамирчин В.Сумъяасүх спортын мастерын болзлыг биелүүлжээ.

 

Эмэгтэйчүүдийн шилдэг наймд: (хана харваа 20, хасаа харвааны 16, нийт 36 сум)

Хэнтийн аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харьяат, Чингис хааны дэлхийн академийн харваач, Монгол Улсын гоц мэргэн Х.Оюунчимэг 33 оноогоор,

Увс аймгийн Тэс сумын уугуул, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, "Жей интернэшнл" ХХК-ийн харваач, улсын мэргэн Д.Норжмаа 33 оноогоор,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, "Ажнай-Тавантолгой Трасс" ХХК-ий харваач, спортын мастер О.Чинзүрх 32 оноогоор,

Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, Чингэлтэй дүүргийн БТС-ын хороо, АПУ Трединг ХХК, "Зэв алтан түрүү" багийн харваач, спортын мастер И.Цэцэгмаа 31 оноогоор,

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, "Мянган сарнай" ХХК-ий Хаан банкны Дорнод салбарын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Ч.Гандаваа 31 оноогоор,

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Шинэ Налайх багийн харваач, спортын мастер Б.Пунсалдулам 31 оноогоор,

Орхон аймгийн уугуул, "Хангарьд" клубын тамирчин, "Энержи Ресурс" ХХК-ий ажилтан спортын мастер М.Мөнх-Амгалан 31 оноогоор

Сэлэнгэ аймгийн Ерөөл сумын уугуул, "Алдарт" спорт хороо, 167-р анги, "Жем Интернэшнл" ХХК-ийн харваач, буриад сурын гоц мэргэн, улсын мэргэн С.Энхтунгалаг 30 оноогоор тус тус шалгарлаа.

Шигшээ харваанд гоц мэргэн Х.Оюунчимэг, улсын мэргэн Д.Норжмаа нар 36 оноогоор тэнцсэнээр тэргүүн байрын төлөө товх харвах болсон. Товх харвааны эхний суманд Х.Оюунчимэг алдалгүй харваж, дөрөв дэх удаагаа улсын наадамд түрүүлж, гарамгай мэргэн цол хүртлээ. Улсын мэргэн Д.Норжмаа дэд байрт шалгарсан бол спортын мастер И.Цэцэгмаа 35 оноогоор гуравт, спортын мастер Б.Пунсалдулам, спортын мастер О.Чинзүрх нар 35 оноогоор дөрөв, тавдугаар байрт шалгарлаа.

Ийнхүү энэ жилийн үндэсний сурын харваа өрсөлдөөн дүүрэн өрнөж, гоц мэргэн, гарамгай мэргэн нэгээр төрлөө.

 

Өсвөрийн харваанд Н.Алтантулга, Б.Санчирнаран нар түрүүлж, өсөх идэр мэргэн цол хүртэв

Аймаг, хотын 100 гаруй хүүхэд оролцсон хүүхдийн сур харваанд 9-17 насны өсвөрийн харваач өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Хөвгүүдээс Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын харьяат, "Мөнгөн сум" компанийн харваач, есдүгээр ангийн сурагч Н.Алтантулга 32 сумнаас 31 онож, түрүүлэн өсөх идэр мэргэн цол хүртэв. Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын уугуул Б.Сосорбарам, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Хангарьд" клубийн харваач Ц.Ганзориг нар 24 оноогоор хоёр, гуравдугаар байр эзэллээ. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, "Цогцолбор" сургуулийн 12-р ангийн сурагч Э.Төгөлдөр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, "Хангарьд" клубийн харваач Б.Мөнх-Эрдэнэ нар 22 оноогоор дөрөв, тавдугаар байрт шалгарлаа. Э.Төгөлдөр өнгөрсөн жилийн наадмын хүүхдийн сур харваанд түрүүлж, өсөх идэр мэргэн цол хүртэж байжээ.

Охидоос Хэнтийн аймгийн уугуул, Төв аймаг, "Зуун мэргэн" холбооны харваач Б.Санчирнаран 32 сумнаас 29 онож тэргүүлэн өсөх идэр мэргэн цол хүртэв. Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын харьяат, долдугаар ангийн сурагч А.Даваадулам  29 оноогоор, Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваач Б.Отгонжаргал 26 оноогоор хоёр, гуравдугаар байр эзэллээ. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Орхон аймаг "Эрдэнэт" цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагч Д.Мөнхзаяа, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, "Эрдмийн гэгээ" сургуулийн есдүгээр ангийн сурагч Н.Ариунтуяа нар 25 оноогоор дөрөв, тавдугаар байрт шалгарчээ.

 

Буриад сурын харваанд З.Ариунбат хошуучлав

Буриад сурвын харваанд 16 аймгийн 160 гаруй харваач цэц сорьсоноос Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул “Цацраг трейд”, “Дорнын гэрэгэ” компанийн харваач З.Ариунбат хошуучилж, буриад сурын мэргэн болсон байна. Түүний араас хоёрт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернейшнл” компанийн харваач, спортын мастер Б.Батбаатар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын гавьяат тамирчин даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү гуравт оржээ. Харин дөрөвт Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Адуун чулуун”, “Дорнын гэрэгэ” компанийн харваач, буриад сурын хошой мэргэн, ОУХМ О.Сүхбаатар, тавд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Бурхан халдун” группийн харваач Т.Баярмэнд шалгарчээ.

Эмэгтэй харваачдаас Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, “Бурхан халдун” группийн харваач, Ж.Нямдаваа тэргүүлж, цэц магнайн мэргэн харваачаар тодорсон бол Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат “Дорнын гэрэгэ” компанийн харваач, спортын мастер Ч.Гандаваа удаалжээ. Гуравт Өмнөговь аймгийн харьяат “Тавантолгой транс” компани, “Ажнай” корпорацийн харваач, улсын мэргэн С.Баярмаа, дөрөвт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл” компани, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн харваач, улсын мэргэн С.Энхтунгалаг, тавд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Петровис” компанийн харваач улсын мэргэн, спортын мастер Б.Бүтваан шалгарсан байна.

Урианхай сурын харваанд Б.Мөнхтөр түрүүлж, хошой мэргэний болзол биелүүллээ

Баяр наадмыг эхлүүлдэг урианхай сурын харваанд 146 харваач цэц мэргэнээ сорьсон. Урианхай сурын харваанд Улсын мэргэн арав, хүндэт мэргэн тав, спортын мастер 48, спортын дэд мастер 23, залуу 60 тамирчин оролцсоноос урианхай сурын мэргэн "Шинэ Налайх", "Монбэт" ХХК багын харваач Б.Мөнхтөр түрүүлж, урианхай сурын хошой мэргэний болзол биелүүллээ. Урианхай сурын хошой мэргэн "Алдар" спорт хороо, бригадын 016 анги, "Жем интернэшл" компаний  харваач Д.Мөнхгэрэл удаалсан бол "Хүч" спорт хороо, АПУ трейдинг компанийн харваач Урианхай сурын спортын мастер Ц.Баасанхүү, Ховд аймгийн Дуут сумын харваач Д.Чулуунбат, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харваач Л.Мөнхцоож нар гурваас тавдугаар байрт шалгарлаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД                                                 Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж