Шагайн харваанд Өмнөговь аймгийн баг түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.07.12-нд нийтлэгдсэн

Шагайн харваанд Өмнөговь аймгийн баг түрүүллээ

Үндэсний их баяр наадам Тулгар төрийн 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн шагайн харваад 490 гаруй харваачийн 50 баг оролцсоноос шигшээ харваанд зургаан баг шалгарсан. Шигшээ тэмцээнд шалгарсан зургаан баг дахин тойргоор харваж, улсын наадмын медальтнууд тодорлоо.

Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ц.Идэрзориг ахлагчтай Өмнөговь аймгийн "Таван толгой транс" ХХК-ий баг шигшээ харваанд нэг ч хожигдол авалгүй таван оноогоор түрүүлж, улсын наадамд хоёр дараалан тэргүүллээ. Удаах байрт гурван оноотой гурван баг үлдсэнээс Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай АПУ группийн баг дэд байрт шалгарав. Гуравт Улсын мэргэн Т.Базарханд ахлагчтай "Тайгам Алтай" группийн баг, дөрөвт үлэмж дархан мэргэн Т.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн "Шинэ Бадрах" ХХК-ий баг, тавд үлэмж дархан мэргэн Ж.Мөнхжаргал ахлагчтай "Хөх чоно" группийн баг, үлэмж дархан мэргэн спортын мастер Ц.Болдбаатар ахлагчтай Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын багууд тус тус шалгарлаа.

Их баяр наадмын нээлтийн дараа уламжлал ёсоор төрийн өндөрлөгүүд шагайн асарт саатан, харваачдад мэргэн байхын ерөөл дэвшүүлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар шагайн харван наадамчин олныг баясгав.

Энэ жилийн улсын их баяр наадмаар дархан мэргэнээр Ц.Идэрзориг, Ч.Дэмүүл, Э.Болд, гарамгай мэргэнээр Б.Хашхүү, мэргэнээр Б.Пүрэвсүрэн, Д.Түвшинтөгс, дэд мэргэнээр Д.Нямаа нарын зэрэг харваачид цолоо ахиулжээ.

Шагайн харвааны өсвөрийн тэмцээний 5-8 насны ангилалд Дорнод аймгийн Чойбалсан сумын харваач Энхболдын Мандуул, 9-12 насанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын харваач Бат-Эрдэнийн Наранцогт, 13-16 насанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харваач Баярцэнгэлийн Хонгор нар тэргүүн байрт шалгарлаа.

Ч.БОЛОР

 

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД.                                                Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж