Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сур харвааг эрэгтэйчүүдээс улсын мэргэн Б.Баярсайхан, эмэгтэйчүүдээс гоц мэргэн Х.Оюунчимэг нар тэргүүлж байна.
Үндэсний сур харваа буюу халх харваанд эрэгтэй 280, эмэгтэй 80, нийт 360 орчим харваач оролцож буй. Үндэсний сур харваа өчигдрөөс хана харваагаар эхэлсэн. Үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур болно. Эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м-ээс тус тус 40 сум тавиж, аваргуудаа тодруулдаг. Хана харваа нь 60 сурыг 3 үе өрөх бол хасаа харваа 40 сурыг 2 үе өрж харвадаг.
Хана харвааны дунд өрөг (16 сум) өчигдөр болсон бол өнөөдөр адаг харваа (4 сум) болж, харваачид эхний 20 сумаа тавилаа. Эрэгтэйчүүдээс улсын мэргэн Б.Баярсайхан, эмэгтэйчүүдээс гоц мэргэн Х.Оюунчимэг нар 20 сумнаас 20 онож, харваачдаа тэргүүлсэн хэвээр байна.
Хана харваанд 20 сумнаас 8-аас бага оноо авсан харваачид хасаа харваанд оролцохгүй билээ. Үдээс хойш хасаа харвааны эхний найман сум тавигдсан байна. Урьдчилсан дүнгээр эрэгтэйчүүдийг 24 оноогоор улсын мэргэн Б.Баярсайхан(20+4), 23 оноогоор улсын мэргэн Л.Отгонбаяр (19+4), спортын мастер Б.Батбаатар (19+4), Төртогтох (19+4), Э.Ганчулуун (19+4) нарын олон харваачид удаалж байна.
Эмэгтэйчүүдийн тухайд 24 оноогоор гоц мэргэн Х.Оюунчимэг (20+4) тэргүүлж байгаа бол 22 оноогоор улсын мэргэн Д.Норжмаа(18+4), 21 оноогоор улсын мэргэн Г.Батзаяа(17+4) спортын мастер Ч.Цэцэгмаа (17+4), спортын мастер С.Цэрэнбуу (18+3) нарын олон харваачид удаалж байна.
Маргааш эрэгтэй, эмэгтэй хана харвааны дунд /8 сум/ харваа болж, хамгийн өндөр оноотой найман харваач шигшээд өрсөлдөх эрхийг авах юм. Шигшээд шалгарсан харваачид хана харвааны адаг сум /4/ тавьснаар үндэсний сур харвааны эрхий мэргэнүүд тодорно.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД. фотог ЭНД дарж үзнэ үү.