Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төв цэнгэлдэхээс шууд дамжуулж буй МҮОНТВ-ийн нэвтрүүлэгт оролцов.
Урлагийн гавъяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаярын хөтөлсөн уг нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний их баяр цэнгэл, наадмын үеэр монголчууд мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл,бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал гээд үндэсний хувцас хэрэглэлээрээ гоёж хүндэтгэдэг учрын тухай, хүүхэд ахуй цагт анх аавтайгаа үзсэн овооны наадам зэрэг олон зүйлийн талаар ярилаа.
Энэ үеэр Төрийн тэргүүн “Малчид мотоциклоор уралддаг бус, монгол уламжлалаараа морь унаж хонио хариулдаг байх, бурхнаас монголчуудад хайрласан морь гэдэг унаагаараа багийнхаа хуралд очдог болох, эмнэг хангал морьдоо сургаж эдлэх, эмээл, хазаар, чөдөр, ногтоо өөрсдөө зэхэж сурах санаачлагыг дэвшүүлж буйг минь Монгол даяар дэмжих байх аа. Монголыг Монголоор нь авч явдаг зүйл бол морины соёл, адууны соёл юм. Үүнийг хөдөөгийнхөн илүү ойлгох ёстой. Хотынхон ч хөдөө гарахдаа морь унаж хийморио сэргээх ёстой. Монголын нутаг дэвсгэр морь унаад давхиж яваа хүний дүрстэй юм шүү дээ” хэмээсэн юм.
Мөн орон нутагт иргэд төсвийн хөрөнгө хуваарилахад шууд саналаа хэлж оролцдог болж байгаа, сум, баг хөгжихийн эхлэл энэ болж буй, сэтгүүлч мэргэжилтэй учир хэлэх үгээ бусад хүнээр зэхүүлдэггүй зэргийг сонин болгон хэлсэн юм. Заавал хууль журмаар шахуулах биш, хэлсэн зүйлээ ажил хэрэг болгох нь зүйтэй гээд хэдэн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Архигүй Монгол” уриалга хэрэгжиж, Монгол даяар цагаан сар, наадмаар архины хэрэглээ эрс багассан, айраг, сүүгээр төрийн байгууллагууд баяр ёслолоо тэмдэглэдэг болсон, хүлээн авалтууд архигүй болсныг үүний жишээ болгон хэлэв.
Эх сурвалж: www.president.mn