&#34Эртний сайхан&#34 сүлд дуу эгшиглэлээ

Хуучирсан мэдээ: 2014.07.11-нд нийтлэгдсэн

&#34Эртний сайхан&#34 сүлд дуу эгшиглэлээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн наадмын тоглолтыг МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам найруулсан юм.

Баяр наадмын нээлтийн тоглолтод Чингис хааны төрийн дуулал хэмээсэн "Эртний сайхан" уртын дуу Төв цэнгэлдэхэд эгшиглэлээ.

Ард түмэн "Эртний сайхан" уртын дууг сүлд дуу гэж нэрлэжээ. "Эртний сайхан" гэдэг уртын дуу бол эрт үес уламжлан ирсэн дууны нэг юм. Энэ дууг хуучцуул "Чингисийн төрийн сүлд дуулал" хэмээн ихэд хүндэтгэж байжээ. 1930-аад оны үеэс дуулахаа больж мартагдаж байсныг 1936-онд алдарт дуучин Магсар хурцын Дугаржав уртын дууны түүвэр ном бичихдээ түүндээ оруулсанаар өнөө үед өргөн барьсан гавьяатай.

Эртний сайхан

Энэ сайхан оронд нь

Эзэн Чингис хааныхаа

Язгуур аац бүрдэв ээ

Тэнгэр мэт заяатай

Тэгш таван оюунтай

Тэнүүн уужим зарлигтай

Тэнгэрийн минь үр сад билээ

Олон одны дундаас

Сарны гэрэл тодорхой

Яндар мэт чимэгтэй

Сүмбэр уулын оройноос

Сүндэрлэж цацраад

Сүр жавхлан дэлгэрээд

Сүлд нь бадартугай

Хамаг монголын рашааныг

Ханахгүй шимсээр хүртээд

Хаан эзэн Чингисийн өмнө

Хамаг бүгдээр жаргав.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж