Цаг агаарын урьдчилсан төлөв

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Цаг агаарын урьдчилсан төлөв

ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Агаарын температурын сарын дундаж нь зүүн зүгийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байна.

Нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн хэмжээнд бороо хуртай байх бөгөөд зарим газраар тухайлбал Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Их нууруудын хотгор, говийн нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр 10 хоногийн эхээр баруун ба төв, зүүн зүгийн нутгаар, нэгдүгээр 10 хоногийн сүүлч болон хоёрдугаар 10 хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Энэ үеэр сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 14-19 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй. Харин нэгдүгээр 10 хоногийн дунд үеэр уулархаг нутгаар, хоёрдугаар 10 хоногийн эхэн ба гуравдугаар 10 хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо орох үеэр салхи зарим газраар түр зуур ширүүсч зарим үед говь тал хээрийн нутгаар 16-20 м/с хүртэл ширүүснэ.

Гуравдугаар 10 хоногт өдөртөө Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Орхон-Сэлэнгийн сав, Алтайн өвөр говиор 33-38 градус, бусад нутгаар 30-35 градус хүрч хална.

НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан, Увс, Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховдын баруун ба өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Завханы баруун хойд, Хөвсгөл, Булганы хойд, Сэлэнгэ, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим байна.

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн өмнөд, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн өмнөд, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Говь-Сүмбэр, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох төлөв байна.

7-8-р сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх тул хэд хоногоор өдөртөө огцом их халж үр тариа, бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад тааламжгүй нөлөөлж болзошгүй. Мөн хур бороо олон жилийн дундаж хэмжээний орчим орох төлөвтэй тул зарим үед ширүүн усархаг аадар бороо, мөндөр орж үер буух, дуу цахилгааны өмнө салхи түр зуур хүчтэй ширүүсэх төлөвтэй байгааг анхаарах хэрэгтэй.

Манай оронд 2009 онд зундаа хур бороо ихтэй арвин их ургац авах нөхцөл бүрдсэн хэдий ч аадар борооны улмаас үер усны аюул болж, улс нийгэмд маш их хэмжээний хохирол учирсны зэрэгцээ тарианы болц оройтсон, Есдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө газар тариалангийн гол бүс нутгаар их хэмжээний нойтон цас орсноос буудай тариалсан олон мянган га талбай цасанд даруулж, буудайн ургац хурааж авах боломжгүй болсон тохиолдол гарч байв.

7, 8-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр газар тариалангийн бүс нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим байх боловч агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байх тул ууршилт нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ. Үүний улмаас хөрсний чийгийн хэмжээ багасч, таримал ургамлын өсөлт хөгжилт удаашрах нөхцөл бүрдэж болзошгүй. Нөгөөтэйгүүр, 8-р сарын эцсээр болон 9-р сарын эхээр уулархаг нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч, газар тариалангийн бүс нутгаар үе үе нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй тул намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг аль болох эртнээс хангаж, богино хугацаанд шуурхай хурааж авах зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж