Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын тэмцээн Сурын талбайд үргэлжилж байна.
Урианхай, буриад харвааны аваргууд тодроод байгаа бол өчигдөр хүүхдийн сур харваа болж, шилдгүүд тодорлоо.
Аймаг, хотын 100 гаруй хүүхэд оролцсон хүүхдийн сур харваанд 9-17 насны өсвөрийн харваач өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Хөвгүүдээс Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын харьяат, "Мөнгөн сум" компанийн харваач, есдүгээр ангийн сурагч Н.Алтантулга 32 сумнаас 31 онож, түрүүлэн өсөх идэр мэргэн цол хүртэв. Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын уугуул Б.Сосорбарам, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Хангарьд" клубийн харваач Ц.Ганзориг нар 24 оноогоор хоёр, гуравдугаар байр эзэллээ. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат, "Цогцолбор" сургуулийн 12-р ангийн сурагч Э.Төгөлдөр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, "Хангарьд" клубийн харваач Б.Мөнх-Эрдэнэ нар 22 оноогоор дөрөв, тавдугаар байрт шалгарлаа. Э.Төгөлдөр өнгөрсөн жилийн наадмын хүүхдийн сур харваанд түрүүлж, өсөх идэр мэргэн цол хүртэж байжээ.
Охидоос Хэнтийн аймгийн уугуул, Төв аймаг, "Зуун мэргэн" холбооны харваач Б.Санчирнаран 32 сумнаас 29 онож тэргүүлэн өсөх идэр мэргэн цол хүртэв. Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын харьяат, долдугаар ангийн сурагч А.Даваадулам 29 оноогоор, Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваач Б.Отгонжаргал 26 оноогоор хоёр, гуравдугаар байр эзэллээ. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Орхон аймаг "Эрдэнэт" цогцолбор сургуулийн есдүгээр ангийн сурагч Д.Мөнхзаяа, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат, "Эрдмийн гэгээ" сургуулийн есдүгээр ангийн сурагч Н.Ариунтуяа нар 25 оноогоор дөрөв, тавдугаар байрт шалгарчээ.
Өнөөдөр үндэсний сурын хана харвааны дунд өрөг, маргааш адаг харваа болно. Мөн маргааш 13.30-14.00 цагийн хооронд үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд болно.
Ч.БОЛ