Америкийн Tennessee мужийн Seүier Countу-д орших Pigeon Forge хэмээх амралтын хот бол аялагч жуулчид, амрагчдын хувьд зорьж очдог газрынх нь нэг. Тус хотын хамгийн алдартай үзмэрийн нэг бол 9144 хавтгай дөрвөлжин метр талбайтай хөлөг онгоцны хэлбэр бүхий музейн байгууламж юм. Дэлхий дээрх хамгийн том зорчигчийн уурын хөлөг онгоц гэгдэж байсан Титаник хөлөг онгоцны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, түүхийг үзүүлэн таниулах зорилготой Titanic Pigeon Forge музейн нээлт энэ оны 4-р сарын 8-ны өдөр албан ёсоор үүд хаалгаа нээжээ. 1912 оны 4-р сарын 10-ны өдөр анхны бөгөөд сүүлчийнхээ аяллыг хийсэн энэ агуу гайхамшигт хөлөг онгоцны энэ музейд зочлогчдод 400 орчим хувийн эд зүйлс болон хөлөг онгоцны багаж хэрэгслүүдээр тоноглосон 20 өрөөнүүдээр аялж, түүхт хөлөг онгоцны үүх түүхийг судлахаас гадна өөрийн биеэр зарим нэгэн зүйлсийг мэдрэх үйлчилгээг авах боломжтой аж. Титаник хөлөг онгоцны бодит хэмжээгээр хийгдсэн Grand Staircase буюу нэгдүгээр зэрэглэлийн хэсэг рүү орох үүд хаалга болсон шатаар алхах, алдарт хөлөг онгоцны сүйрлийн үндэс болсон мөсөн уулын хөлдүү гадаргыг гараараа барьж мэдэрч үзэх, хөлөг онгоцны холбооны өрөөнөөс SOS дохио илгээх болон эргийн хамгаалалтаас хариу хүлээн авах, жинхэнэ аврах завинд сууж, амьд үлдэгсдийн намтар түүхийг сонсох, аймшигт сүйрэл болсон тэр шөнө далайн цэв хүйтэн усанд хөлдөж үхсэн олон зуун хүмүүсийн мэдэрсэн тэр хүйтнийг өөрийн биеэр мэдрэх, хүчирхэг хөлөг онгоцны ахмадын тавцан дээр хөлөг онгоцны ахмадын тушаалыг сонсох, нэгдүгээр зэрэглэлийн тансаг өрөө тасалгаанаас эхлээд гуравдугаар зэрэглэлийн зорчигчдын танхимд орж үзэх, ховор чамин түүхэн багаж хэрэгслээр тоноглогдсон өрөө тасалгааг үзэж сонирхох мөн усан доорх Титаник хөлгийн судалгааны хиймлээр зохион байгуулсан ажиллагааг удирдах гэхчилэн гайхалтай үйлчилгээнүүдтэй гурван давхар энэ музей 25 сая долларын хөрөнгөөр бүтээн байгуулагдсан байна.
Холбоотой мэдээ