Задгай агаарт найган бүжих үү?

Хуучирсан мэдээ: 2014.07.10-нд нийтлэгдсэн

Задгай агаарт найган бүжих үү?

-"Playtime 2014" наадамд тоглох хамтлаг, дуучдын тоглолтын хуваарь гарлаа-

"Амьд" хөгжим сонирхогчдын жилдээ ганц тохиодог "Playtime 2014" наадам энэ удаад 13 дахь жилдээ Гачууртын "Монгол шилтгээн" цогцолборт долдугаар сарын 19, 20-нд болох гэж буй. Зүрхнээс булгилах эрх чөлөөг магтан дуулах наадам болоход ийнхүү арав хүрэхгүй хоног үлдсэн бөгөөд наадмын бэлтгэл ажлууд цэгцэрч байна. Наадмын тасалбарыг хямдралтай үнээр буюу нэг өдрийн 30 мянган төгрөг, хоёр өдрийн 45 мянган төгрөгөөр авах хугацаа өчигдөр дуусах байсан бол зохион байгуулагчид энэ хугацааг нэг өдрөөр сунгалаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийг дуустал www.easyticket.mn, "Хай-Фай рекордз" салбаруудаар "Playtime 2014" наадмын тасалбарыг хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм. Маргаашнаас  нэг өдрийн тасалбарыг 35 мянган төгрөг, хоёр өдрийн 55 мянган төгрөг, наадмын үеэр буюу "Монгол шилтгээн"-ий гаднаас нэг өдрийнх 40 мянган төгрөг, хоёр өдрийн тасалбарыг 60 мянган төгрөгөөр худалдаж авах ажээ. Мөн наадмын тасалбарыг 1900-1199 утсаар үнэгүй хүргэж өгөх юм. 

Энэ жилийн наадам Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд "Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ" уриан дор олон онцлогтой болохоос гадна олон улсын гэх тодотголтой. Учир нь ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлсэн гэгддэг "Мумий тролль", Японы пост рок "Envy", АНУ-ын The Pains of being pure at heart" зэрэг гадны гурван хамтлаг "Playtime" наадмын тайзнаа тоглоно.

Ийнхүү хоёр өдрийн турш наадмын задгай талбайд майхнаа байрлуулан гадаад, дотоодын нийт 40 гаруй хамтлаг, дуучдын тоглолтыг үзэх юм. Энэ өдрүүдэд зөвхөн рок тоглолт болохгүй, DJ нар оролцож өөрсдийн сэт-ээ тавина гэдгийг сануулъя. Хамгийн олон хамтлаг, дуучдыг нэгтгэж чаддаг уг наадмын тайзны зохион байгуулалтыг энэ жилээс шинэчилж, "Соёл-Эрдэнэ", "Давалгаа, "Нааглихац"  гэсэн гурван тайз байгуулан уран бүтээлийг хүргэх нь наадмын нэг онцлог. 

Наадмын талбайд залуус хоёр өдөр буудаллах учир хоолны үйлчилгээ, эмнэлгийн тусламж, мэдээллийн цэг, "wi-fi" цацах  цэг ажиллуулж, тав тухыг хангахыг зохион байгуулагчид амалж буй. 

13 жилийн түүхтэй уг наадмын зорилго нь орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг "амьд" хөгжмийн хамтлаг, дуучдыг танилцуулж, тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд орших ажээ. Наадамд уран бүтээлээ сонирхуулах хамтлаг, дуучдын тоглолтын цагийн хуваарь гарсан бөгөөд наадмын талбайн газрын зураг, үйлчилгээ, үнэгүй унаа, тасалбар сонголтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудас болох www.playtime.mn сайтаас сонирхох боломжтой. 

Ийнхүү наадам болоход арав хүрэхгүй хоног үлдлээ. Бэлтгэлээ хангаарай залуус аа. Өнгө өнгийн майхан алаглуулан барьж, задгай агаарт "амьд" хөгжмөө сонсч, амрах өдрүүд ойртсоор.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж