Улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлэхээр тогтов
Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хороо өнөөдөр хуралдаж, Улсын Их Хурлын 2015 оны төсвийн төслийн тухай, Үндэсний аудитын газрын 2015 оны төсвийн хязгаарын санал болон бүх шатны шүүхийн 2015 оны төсвийн санал, 2016-2017 оны төсвийн төсөөллийн төслийн саналыг тус тус хэлэлцлээ.
Улсын Их Хурлын 2015 оны төсвийн төслийг боловсруулахдаа, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүрэлцэхүйц байх, төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг зардлын зүйл, нэр төрлөөр нь тооцох, УИХ-ын чиг үүрэгт хамаарах хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх, Засгийн газраас ирүүлсэн урсгал төсвийн хязгаарт урсгал төсөв багтаж байх, ирэх оны төсвийн төслийн нийт дүнг энэ оны төсвийн төвшнөөс нэмэгдүүлэхгүй байх зэрэг зарчмыг баримталсан талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцууллаа.
Харин энэ онд анх удаа аудит хийхэд шаардагдах бодит өртгийг Ерөнхий аудиторын тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцон гаргаж, ирэх оны төсвийн хязгаарыг боловсруулсан тухай Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад танилцуулаад төсвийн хязгаарын саналд ямар төсөл, хөтөлбөрүүд болон бусад шинээр нэмэгдэх ажлуудад шаардагдах зардлуудыг хэрхэн тооцсон талаар ярив. Үүний дагуу зардал нэмэгдэхээр байгаа бөгөөд энэ нь аудитын үр өгөөжөөр хэд дахин нөхөхдөнө гэж тооцоолсон байна.
Мөн төрийн аудитын байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангах, хуулийн шаардлагад нийцсэн төсвийн багцын төсвийн хязгаарыг нийт дүнгээр 2015 онд 14.9 тэрбум төгрөг байхаар тооцож боловсруулсан талаар тэрээр танилцууллаа.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн 2015 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Шүүхийн тухай багц хуулийг мөрдөж эхэлснээр хуулиар заасан, нэрлэсэн зардлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх ажлыг үргэлжлүүлэх үүднээс зайлшгүй шаардагдах орон тоо, хөрөнгийн зардалд нийт 143.3 тэрбум төгрөгийг төлөвлөсөн тухай Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан танилцуулав.
Байнгын хорооны гишүүд дээрх байгууллагын танилцуулгыг сонсож хэлэлцээд, төсвийн төслийн эцсийн хувилбарыг Улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.