Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багуудын ерөнхий дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Басхүү “Ардын багш”, Ховд аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Ч.Чойсүрэн “Гавьяат дасгалжуулагч” цол хүртлээ. А.Басхүү чөлөөт бөхийн спортоос төрсөн 4 дэх “Ардын багш” бол Ч.Чойсүрэн гуайн хувьд 10 дахь “Гавьяат дасгалжуулагч”-аар нэрлэгдэж байна.
Ардын багш, Гавьяат дасгалжуулагч А.Басхүү, Гавьяат дасгалжуулагч Ч.Чойсүрэн нарт чөлөөт бөхийн спорт сонирхогчид, дасгалжуулагчид, шүүгчид, бөхчүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, Зууны шилдэг шүүгч Адуучийн Басхүү
- 1953 онд Ховд аймгийн Ховд хотод төрж Улаанбаатар хотын арван жилийн 17 дугаар сургуулийг 1970 онд, МУБИС-ийн Биеийн тамирийнн дээд сургуулийг 1975 онд төгссөн.
- 1971-1975 онуудад улсын шигшээ багийн тамирчин, 1975-1980 онуудад “Замчин” нийгэмлэгт дасгалжуулагч, 1980-1982 онуудад Спортын тусгай дунд сургуульд бөхийн багш, 1982-1992 онуудад залуучуудын болон улсын шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчаар ажиллаж 1993-2009 онуудад МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан, 2012 оноос Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Спортын бэлтгэлийн төвийн Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ багуудын ерөнхий дасгалжуулагчийн алба хашиж байна.
- 1975 онд спортын мастер, 1990 онд олон улсын хэмжээний мастер, 1977 онд улсын шүүгч, 1978 онд олон улсын шүүгч, 1983 онд олон улсын шилэгдмэл шүүгч, 2009 онд олимпийн зэрэглэлийн шүүгч болсон.
- 1986 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 1991 онд “Алтан гадас” одон, 2001 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 1993 онд Гавьяат дасгалжуулагч, 2014 онд Ардын багш цолоор шагнуулжээ.
- Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх, спортын салбарт менежментийн шинэ сэтгэлгээ,, арга барилыг төлөвшүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монголын менежментийн холбооноос 2004 онд “Шилдэг менежер” цол, дээд өргөмжлөлөөр шагнасан. 1999 онд Зууны шилдэг шүүгчээр тодорч 2002 онд спортын шүүгчийн Тэргүүн дээд “Бөртэ Чоно” шагнал хүртсэн. МЧБХ нь 1997-2007 онуудад ажлын бүх үзүүлэлтээр “Шилдгийн шилдэг холбоо”-гоор 8 удаа, “Шилдэг” холбоо”-гоор 2 удаа шалгарч байв.
- ОУБТНХ-ФИЛА-ны “Алт, Мөнгөн медаль”-аар 1987,1990 онуудад, 1988 онд “Алтан шүгэл” шагнал хүртэж 2001 онд “Алтан одон” гоор тус тус шагнагдсан.
- ФИЛА-гийн Шүүгчийн Зөвлөлийн гишүүнээр 2006-2008 онуудад томилогдон ажиллаж байлаа.
- Тэмцээний зохион байгуулалтанд өөрчлөлт хийж “Шилдэг багуудын Холбооны цом”, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний “Хоёр дахь шатны шалгаруулалт”, “Жингийн аварга шалгаруулах” болон Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын “Гран-При” өндөр шагналтай тэмцээнийг анх санаачилан явуулж байв.
- Тэрээр чөлөөт бөхийн эмэгтэй барилдааныг үүсгэн хөгжүүлэх ажлыг санаачлагчдын нэг хийгээд анхны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 1999 онд зохион явуулж үндэсний эмэгтэй шигшээ багийг 2005 онд байгуулснаар манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-нээс алт, мөнгө, хүрэл медалийг дараалан хүртэж, ДАШТ-нд багаараа анх удаа III байранд шалгарсан.
- А.Басхүү нь Олимпийн наадамд 1 удаа дасгалжуулагчаар, 5 удаа шүүгчээр, ДАШТ-нд 3 удаа дасгалжуулагчаар, шүүгчээр 28 удаа, Азийн наадам, Европийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд 42 удаа шүүгчээр оролцжээ.
- Дэлхийн шилдэг бөхчүүдийн сонгомол мэхүүд бүхий “Бөхийн эрдэм мэхэндээ” анхны DVD цахим гарын авлагыг гаргаж З.Ойдовын анх сэдэж зохиосон мэхийг ОУБТНХ (FILA)-нд танилцуулж “Ойдов” мэхийг батлуулсан.
- “Олон улсын бөхийн барилдааны дүрэм”-ийг 1996-2010 онд 5 удаа орчуулан хэвлүүлж, “Шүүгчдийн ур чадварыг дээшлүүлэх арга зүй”, “Бөхчүүдийн бэлтгэлжилтэнд акробатикийн дасгалын үзүүлэх нөлөө”, “Залуу бөхчүүдийн барилдааны арга техникт хийсэн судалгаа”, “Орчин үеийн сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт”, “Залуу бөхчүүдийн мэхийн эзэмшилт, ур чадварын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” , “Чөлөөт бөхийн сургалт, дасгалжуулалтын онол, арга зүй” зэрэг хэд хэдэн сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн юм.
Б.БАЯСАХ