Ч.Сангарагчаа дарга ичээсэй

Хуучирсан мэдээ: 2010.06.30-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа дарга ичээсэй

Ч.Сангарагчаа дарга ичээсэй

Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа улс төрийн тоглоом болж дуусах нь. Улс төрийн бохир тоглоомоос ангид байж, Авлигатай тэмцэх газрын үйл хэргийг шулуун дардан замаар удирдаж ирсэн түүнийг улстөрчид хэн ч биш болгож дуусгах нь.

Яасхийж аварч, өмгөөлмөөр юм бэ дээ…Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдэг ч үнэн юм шиг байна даа…Хэлсэн ярьсан нь шулуун шударга сайн л хүн санагдаад байх юм. Ямар муу юм хийсэн хүн ийм зоригтой дуугарч чадах вэ дээ… Итгэхээс өөр арга алга. Энэ муу Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар уу…

Монголын нийгэмд иймэрхүү уур амьсгал түгж байна. Хэр хол явж, хэр чанга дуугарахыг нь одоогоор мэдэх юм алга. Хэвлэлд дургүй Авлигатай тэмцэх газрын дарга хэлд орж, өөрийгөө өмгөөлсөн улстөрийн мэдэгдлийг төлбөрийг нь төвдөлгүй төлж нийтлүүлсэн болохоор тэр байх. Уг нь Ч.Сангарагчаа дарга гурван жилийн өмнө Авлигатай тэмцэх газрын дарга болсон цагаасаа хойш ийм олон хэвлэлд нэгэн зэрэг ярилцлага өгч байгаагүй юм. Ерөнхийдөө бол "Өгч чадахгүй" гээд гэдийчихдэг зантай. Гэвч нөгөө л увайгүйчүүдийн нэгэн адил хэвлэлийг хэрэгтэй үедээ ашиглаж, хэрэггүй үедээ зугтаадаг муу зан түүнд бас байдаг бололтой. Иймээс ч анх дурдсанчлан Ч.Сангарагчааг өмгөөлөх сэтгэл олны дунд гал цогтой биш юм гэхэд гайхаж эргэлзэх хэмжээний бадамлаж эхэлсэн нь зүйн хэрэг. Гэвч эсрэг талд нь "Ч.Сангарагчаа ичээсэй. Одоо болиосой" гэдэг бодол ч дүрэлзэн асч буй нь тодорхой. Түүнийг өдгөө Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа. Шалгах үндэслэл нь төсөв захиран зарцуулах эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх мэдээлэл. Харин Ч.Сангарагчаа дарга үүнийг үл хүлээн зөвшөөрч "Улсын ерөнхий прокуророор улс төрийн намын дарга байсан хүн томилогдсон. Ажлаа эхлэхдээ л хуулийн байгууллагыг улстөржүүлсэн хандлага гаргаж байна. Үүний нэг жишээ нь Авлигатай тэмцэх газрын төсөв санхүүтэй холбоотой асуудлыг өмнө нь шалгаад хуулийн дагуу шийдвэр гаргачихсан байхад дахин шалгаж буй явдал. Энэ нь цаанаасаа зохион байгуулалттай, зорилготой гэдэг нь ойлгомжтой. Улсын ерөнхий прокурорыг ажлаа өг, өөрөө өргөдлөө гарга гэж шахсаар байгаад албан тушаалыг нь авсан. Одоо хоёр орлогчийг нь шахаж байна. Үйлдэл нь нийгэмд ойлгомжтой харагдаж байгаа. Дараа нь намайг өргөдлөө өг гэх байх. Миний хувьд өргөдлөө өгөх ямар ч үндэслэл байхгүй. Би Монгол Улсын төлөө ажиллахдаа ямар нэг хууль эрх зүйн зөрчил, тэр тусмаа эрүүгийн шинжтэй хэрэгт холбогдоогүй. Тиймээс өөртөө итгэлтэй байна" хэмээн мэдэгдэв.

Өмнө нь Авлигатай тэмцэх газраар шалгуулж байсан олон хүн "Ч.Сангарагчаа улс төрийн зорилгоор бидний нэр төрд халдаж, худал хэрэг үүсгэж байна" гэх гомдол гаргадаг байсан. Тэр бүхэнд тус газар "Бидний шалгалтын явцыг удаашруулж, өөрийгөө хамгаалахын тулд худал мэдээлэл тарааж, Авлигатай тэмцэх газрын нэр төрд зохиомлоор халдаж байна" гэсэн утга бүхий мэдэгдлийг цаг тухайд нь гаргадаг байсан. Иймд Ч.Сангарагчаа даргаас бусдыг ажилдаа саад болохгүй байхыг шаарддаг байсан газрын дарга өнөөдөр өөрөө яагаад бусдын хийж буй шалгалтыг тэвчиж хүлээж чадахгүй байна аа гэж асуумаар байна. Шалгалтын эзэн, шалгуулагч хүн нь өөр, өөр ч шалгалтын эцсийн зорилго нь гэм буруутай эсэхэд л хариулт өгөх шүү дээ. Гэтэл Ч.Сангарагчаа дарга анхнаасаа уг албан тушаалд томилогдохтой зэрэгцэж гарч ирсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүн гэдэг шивнээг баталж орхив.

Улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхтэй улс төрийн өшөө хорсол, хорт явуулга өөрийг нь чиглэж буй мэтээр олныг төөрөгдүүлэх болж. Мэдээж Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг хэн ч Ц.Элбэгдоржоор л төлөөлүүлнэ шүү дээ. Иймээс ч түүний өөрийгөө өмгөөлөх цорын ганц үндэслэлээ "Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн нь зорилготой хэсэг хүний зохион байгуулалттай ажил" хэмээн тайлбарлахад хүмүүст хүрэх мэт санагдсан биз.

Авлигатай тэмцэх газрынхан ижил түвшний ажил эрхэлдэг төрийн албан хаагчдын дэргэд тусгай хангамж эдэлж, өндөр цалин хүртдэг. Үүнийг нь ч байгуулагдаад удаагүй хэрнээ 16 хүнээ шинэ орон сууцтай болгож чадсанаас нь харж болно. Гэтэл энэ дунд Ч.Сангарагчаа дарга өөрөө байх агаад байгууллагаасаа орон сууцны хэрэглээнд зориулж 55 сая төгрөг авчээ. Үүнийгээ тэрбээр "Авлигын эсрэг хуульд авлигатай тэмцэх байгууллага ажилтныхаа аюулгүй байдлыг хангах
үүрэгтэй гэж заасан. Өмнө нь Авлигатай тэмцэх газрын даргын аюулгүй байдлыг анхаарч байгаагүйн улмаас анхны дарга нь албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар нас барсан.Өнөөдөр анхны даргын нас барсан шалтгаан, эд эрхтэн нь алдагдсан асуудлын учрыг эцэслэн тогтоогоогүй байгаа.

Тиймээс Авлигатай тэмцэх газрын захиргаанаас байгууллагын даргын аюулгүй байдал орон сууцныхаа нөхцөлөөс эхлээд хангагдах ёстой гэж үзээд хуулийн дагуу 20-30 хувийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. Ингээд бусад ажилтны нэгэн адил надад дэмжлэг олгосон. Би хуучин байраа зарж, өөрийн гаргах ёстой мөнгийг төлж орон сууцны нөхцөлөө сайжруулсан" хэмээн тайлбарлаж. Энэ бол хуулийн салбарт 37 жил ажиллаж, худалч хүнд бүхий л насаараа удирдах албан тушаал хашиж ирсэн Ч.Сангарагчаа даргын хувьд нүүр улаймаар тайлбар санагдана. Хэдийгээр Авлигатай тэмцэх газрын өмнөх дарга Б.Дангаасүрэн агсан ажил үүргээ гүйцэтгэж яваад хилийн чинадад амь насаа алдсан ч энэ нь Ч.Сангарагчааг илүү хангамж эдлэхэд түлхэх хүчин зүйл байж чадахгүй. Тэрбээр өөрийнхөө эрхэлж буй албан тушаалын хэмжээнд дүйцсэн, өөрийнхөө амь насыг хамгаалахын тулд баталгаатай орон сууцтай байх хэрэгтэй гэдэг Авлигатай тэмцэх газрын даргын шинэ стандартыг бий болгож, мэдээж сайн дураараа. Гэхдээ тухайн орон сууцны 20-30 хувийнх нь өртөг 55 сая төгрөг хүрнэ гэхээр хэдий хэрийн үнэтэй байр байх нь ойлгомжтой болно. Түүнчлэн "Аянчин" дэлгүүрээс 40 сая төгрөгөөр загас агнуурын хэрэгсэл болоод майхан тэргүүтэн авсан нь үнэхээр шударга зүйл мөн үү. Авлигатай тэмцэх газрынхан нуурын эрэгт загас агнаж, нууц хуйвалдаан ярьсан авлигын хамсаатан илрүүллээ гэж би лав дуулаагүй.

Хэтрүүлэхэд иймэрхүү тусгай ажиллагаанд тусгай хэрэглээ Авлигатай тэмцэх газрынханд шаардлагатай биш юм бол бүхэл бүтэн 40 сая төгрөгөөр загас агнаж, майхан барьж зугаацах хэрэг юу байна. Тэр тусмаа төсвийн мөнгөнөөс шүү дээ. Ийм инээдтэй үйлдэл хийж, ийм арчаагүй загначихаад ард иргэдээр өрөвдүүлж, өөхөнд бөмбөрөх хүслээ илэрхийлэх нь юунд хэрэгтэй гэж. Нүүрээ татуулж, гоо сайхны хагалгаанд орсон ч тэтгэвэртээ суух насанд хүрч буй түүнд өөр илүү их эрх ашиг хэрэггүй баймаар.

Саяхандаа гавъяат жүжигчин С.Жавхлан "Сүүлийн үед намайг намууд их оролдоод байгаа. Эх орныхоо төлөө яриад эхлэхээр тэгж байгаа байх. Дуучин Эрдэнэчимэгтэй холбож бичих болсон нь ч үүнтэй холбоотой. Би Эрдэнэчимэгтэй суухгүй" гэдэг тайлбар өгсөн байна билээ. Уг нь амьдрал дээр МАХН болон Ардчилсан намынхны аль аль нь арай ч С.Жавхлангаар тоглохдоо тултал доошоо ороогүй баймаар. С.Жавхланг дуучин бүсгүйтэй холбож байснаас эсрэг намынхаа хүчтэй лидерийг ээрч суух нь улс төрийн ашиг сонирхолд нь илүү ойр биз дээ. Яг үүн шиг Ч.Сангарагчаа өөрийгөө өмгөөлөхдөө улс төр рүү цамнаад хэрэггүй л болов уу. Үнэнээс хол сонсогдох түүний тайлбар өөрийг нь өмгөөлсөн сүржин гарчигтай ч С.Жавхлан улстөржиж тоглоод хол явахгүйтэй агаар нэгэн санагдаад байна. Нэг ёсны дуулаад, дуулаад улстөрч болж чадахгүй С.Жавхлан, дуугараад дуугараад дуулианаа дарж чадахгүй Ч.Сангарагчаа хоёр цаг хугацаа хийгээд эрх ашгийн эрхээр ижилсэж эхлэв бололтой.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж