Хаврын чуулган өндөрлөж, гишүүд тойргоо зорьж ажил амжуулж явахад УИХ-ын гишүүн Х.Баттулга “твиттер”-т зочилж, хэрүүл өдөхөөс өөр зүйл хийхээ болив. Унасан бөх ууртай гэгчээр хувийн том амбицаасаа болж хэнд ч хамаагүй уураа гаргадаг болоо юу гэлтэй харагдаж байна. Аливаа асуудлыг улс төржүүлж, хэрэлдэж л байвал Х.Баттулга гишүүнд эдийн засаг, спорт, урлаг сэдэв байх эсэх нь чухал биш аж.
Учир нь дэлхийн сая сая фанатуудыг баярлуулж, гомдоож байгаа хөл бөмбөгийн ДАШТ-нд Бразил, Герман улсын шигшээ баг халз тулалдсан. Монголын цагаар урд шөнийн 4.00 цагт болсон тэмцээнд Бразил улсын хөл бөмбөгийн шигшээ баг германчуудад 7:1-ээр хожигдсон. Үүнийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэтэл Х.Баттулга гишүүн бөөсний тухай үлгэр шиг твиттер хуудсаараа дамжуулж Ерөнхийлөгчид хандан “Бразил 7 гооль алдлаа нутаг дээрээ. Юу болов хөлбөмбөг мэддэг даргаа” гэж жиргэв. Хэдхэн хоногийн өмнө эрлийз, хурлийзийн тухай нэвтрүүлэг хийж монголчуудыг талцуулахад хүргэсэн түүнийг Ерөнхийлөгч дуудаж уулзах үеэрээ үндэсний эв нэгдлийг бутраах зүйлийг хийх ёсгүй гэдгийг хатуу анхааруулсан. Энэ үг Монгол хүн бүрт нэгийг бодуулсан байх. Харин УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргаа юу гэлтэй. Байсхийгээд л үг сөрдөг, бусадтай тэмцэлддэг ажилтай болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг юу вэ, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж, улс үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэх ёстой. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандаж үг хэлсэн нь тэр байх. Үндэсний эрх ашигт үл нийцэх, хагалган бутаргаж мэдэх ажиллагаа явуулсан хэнд ч болов Ерөнхийлөгч үгээ хэлэх ёстой байсан биз.
Улстөрч хүний нэг зан бол хүний үг даах, хүнээс үг сонсч сурах. Харин Х.Баттулга гишүүн тийм зан байдаггүй гэдгээ сүүлийн үед яруу тодоор харуулж буй. Үнэндээ бол Ерөнхийлөгчөөс хатуу үг сонслоо гээд арсалдаад байх нь улстөрч хүний зан мөн үү. Ганц Х.Баттулга гишүүн гэлтгүй УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчид зад загнуулаад гарсан ч маргааш нь Тавантолгойн ордод хамт ажиллаад л явж байсан.
Хааяадаа хатуу үг сонсох нь магтуулахаас илүү шагнал гэдгийг Х.Баттулга гишүүнд дуулгачихад гэмгүй биз.
Г.ШАРХҮҮ