Баруун бүсийн тулгуур төв Ховд хотод Хон амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /ХАХНХЯ/, Италийн АИФО төрийн бус байгууллага хамтран Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн Хорооны зохицуулагч, гишүүдэд зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага” сэдэвт сэргээх сургалтыг өчигдөр эхлүүлсэн байна.
Тус сургалтыг нээж Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Чинбат хэлэхдээ тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийн тухай танилцуулж, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, сэргээн засалтын талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа онцолж ярив.
Мөн ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ганболд баруун бүсийн сургалтын ач холбогдол нь “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагч, гишүүд нэлээд өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинэ гишүүдэд мэдээлэл өгөх, чадавхижуулахад оршиж байна гээд яамнаас хэрэгжүүлж байгаа хууль эрх зүйн асуудал, ICF-олон улсын хөдөлгөөн, эрүүл мэнд хөгжлийн бэрхшээлийн ангилал, НҮБ-ын конвенцийн тухай танилцуулсан юм.
Түүнчлэн ХАХНХЯ-наас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, статистик мэдээг бодит байдалд тулгуурлан гаргах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, боловсролын үйлчилгээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах боловсон хүчинг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, орчин нөхцлийг сайжруулах, соёл, спорт, улс төр, нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх талаар 5 зорилтот ажлыг төлөвлөн хийхээр болсон тухай мэдээллээ.
Г.НАРАН