Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга чуулганыг хааж хэлсэн үгэндээ макро эдийн засгийн бодлогоо хатууруулах, зээл олголтыг бууруулах шаардлага тулгарч магадгүйг онцолсон билээ. Тиймээс ч бид өнгөрсөн долоо хоногоос эхлээд “Мөнгөний бодлого өөрчлөгдөх үү?”, “Мөнгөний бодлогыг чангаруулах нь зөв үү?”, “Мөнгөний бодлогыг чангаруулснаар аль салбарын зээлийг хумих вэ?” гэсэн асуудалд УИХ-ын гишүүд, судлаачид болон олон нийтийн санал бодлыг сонссоор байна.

Уншигчдад энгийнээр хэлэхэд мөнгөний бодлогыг чангаруулж, бодлогын хүүг өсгөх юм бол эдийн засаг дахь нийт мөнгө төгрөг буурч, тэрнийгээ дагаад зээлийн хүү өсч, банкуудаас иргэдэд, аж ахуйн нэгжид олгож байгаа зээл хумигдах нөлөөлөл бий болох юм. Зээлийг хумихдаа аль салбарын зээлийг хумих вэ гэдэг дээр хүмүүс харилцан адилгүй байр суурийг илэрхийлсээр байна. Тэдний нэг хэсэг нь хэрэглээний зээлийг, харин нөгөө хэсэг нь орон сууцны ипотекийн зээлийг хумих хэрэгтэй гэнэ. Гэтэл зарим нь ерөөсөө зээлийг хумих хэрэггүй, учир нь эдийн засаг суларч байхад зээлээ хумьчихвал ёстой жинхэнэ хямрал руу орно гэсэн байр суурьтай байна.

Дээрх асуудалд УИХ дахь зарим бие даагч гишүүдийн байр суурийг тодруулахад дараах хариултыг өгсөн юм.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Аливаад золиос хэрэгтэй, гэхдээ би эсрэг байгаа”

-Ханш болон инфляцийн өсөлтийг хазаарлахын тулд мөнгөний бодлогыг чангалах хэрэгтэй. Ажлын байрыг аврах гэж байгаа нь гээд байдлыг улам хүндрүүлж болохгүй. Эрсдэлтэй, зоримог шийдвэр зарим үед зөв алхам болдог. Мэдээж аливаа зүйлд золиос гардаг. Тиймээс 10 ажлын байрны 3-ыг нь золиослоод богино хугацаандаа эдийн засгаа сэргээхийг зорих нь чухал. Яг мэргэжлийн үүднээс авч үзвэл мөнгөний хатуу бодлого барина гэж юу юм бэ гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй.  Зах зээл рүү их мөнгө гараад юмны үнийг хөөрөгдөөд байна, эрэлт нийлүүлэлтийн хуулиараа. Тэгэхээр үүнийг багасгахын тулд мөнгийг үнэтэй болгож бодлогын хүүгээ өсгөдөг. Мөнгөний хатуу бодлого гэж цаад утгаараа үүнийг хэлж байгаа юм. Хадгаламжийн хүү өсч байгаа хэлбэр шүү дээ. Хадгаламж эзэмшигчдийг дэмжинэ гэсэн санаа. Хадгаламжийн хүү өснө гэдэг нь мөнгөтэй хүнд ээлтэй бодлого болж байгаа юм. Энэ утгаараа энэ бол сөрөг, байж болохгүй зүйл. Би эсрэг байгаа. Мөнгөний зөөлөн бодлогыг яаж барих ёстой вэ гэвэл одоо арилжааны банкууд ихэнх нь 2-3 хан томоохон зээлдэгчтэй харьцдаг. Банкны үйл ажиллагаа ингэж амар хялбар явах ёсгүй ээ. Нийт хөрөнгийнхөө 10-15 хувьд нь ч юм уу, тодорхой хувьд ЖДҮ болон бизнесээ эхэлж буй хүмүүст зээлийнхээ багцыг нэмж бодлогоор өг. Миний ярьж байгаа гол санаа мөнгөний хатуу бодлого зөөлөн бодлого гэж ярихаасаа илүү хэнд нь зөөлөн байх уу, хэнд нь хатуу байх уу гэдгийг л ярьж байна. Дөнгөж бизнесээ эхлж байгаа, ЖДҮ-чдэд мөнгөний зөөлөн бодлого бариачээ гэдгийг би хатуу ярьж байна. Энэ нь эдийн засгийн хөдөлгөгч гол хүч. Хэрэглээний зээлийг хумьвал хүмүүс хүнд байдалд орно. Хэрэглээний зээл ихдээд бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа юм биш.


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Мөнгөө татвал орлого багасна”

Би хувьдаа Дэлхийн банк, ОУВС-ын мөнгөний хатуу бодлого барь, эдийн засгаа хумь гэдгийг дэмжихгүй байгаа. Ер нь жаахан ядуухандуу тарчигхан байвал дуулгавартай байдаг биз дээ. Тийм учраас хөтөлбөртөө оруулаад авна ш дээ биднийг. Хөтөлбөртөө оруулж аваад хөтлөөд давхиж байгаа байхгүй юу. Тийм учраас би үүнийг дэмжихгүй байгаа. Хямралын ард яаж гарах юм бэ гэж. Хямралын ард улс төрчид гаргахгүй. Бизнес, бизнесмен, баялаг бүтээж байгаа хүмүүс л гарна. Өнөөдөр тэдний борлуулалтын 40 хувийг төсөв авч явдаг. Бид чинь маш их борлуулалт хийж байгаа ш дээ, энэ нь нийт компанийн борлуулалтын 40 хувийг төсвөөс гаргадаг гэсэн үг. Хөрөнгө оруулалтын 1.2 их наяд гэдэг чинь компаниуд дээр л очно ш дээ. Бид үүнийг багасгалаа гэхэд компаниудын борлуулалт, орлого буурна ш дээ. Орлого буурсан юм чинь татвар мэдээж буурна. Энэ чинь бүр сөрөг хамаарал руу явж эхэлнэ. Бид нар хэрэв мөнгөө татвал тэдний орлого болон бидний татвар багасна. Тийм учраас би бол компаниудаа ажилтай байлгаж, орлоготой байлгаж байж татвараа төлүүлнэ. Тэдний баялаг бүтээх энэ эрмэлзэл дээр хямралын ард гарч чадна гэж бодож байгаа учраас зээлээд ч болтугай, компаниудаа  ажилтай орлоготой байлгая гэсэн байр сууринаас би хандаж байгаа.

Б.СОНОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж