Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барилаа

Улсын Их гишүүн М.Батчимэг, С.Дэмбэрэл нар  Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.07.08 / өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг бодитой хангах үүднээс Улсын Их Хурлаас 1998 онд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг баталжээ. Уг хуулиар хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг дэмжих, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль төрөөс батлан гаргах, төрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох, түүнчлэн олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тавихгүй байх асуудлыг хуульчилж, чөлөөт хэвлэлийн эрх зүйн суурь харилцааг зохицуулах алхам хийснээрээ ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэвлэл мэдээлийн тоо, цар хүрээ, нэр төрөл хурдтай нэмэгдэж, хууль эрх зүйн нарийн зохицуулалт шаардах болсон. Үүний зэрэгцээ Монгол Улсад хэвлэл мэдээллийн хараат бус байдал алдагдаж, чөлөөт хэвлэл, мэргэжлийн сэтгүүл зүйн орон зай хумигдах эрсдэл нэмэгдэж байна хэмээн хууль санаачлагчид танилцуулсан.

Сэтгүүл зүйн хараат бус байдал алдагдаж байгаа нь иргэдийн мэдээлэл авах эрх, эрх чөлөө хумигдах, нийгэмд ёс суртахууны доройтол, хямрал, тогтворгүй байдал үүсч гүнзгийрэх зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгож байна. Ийм нөхцөлд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбогдон гарсан гомдол, маргааныг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хомс, сэтгүүл зүйн салбарт өөрийн зохицуулалтын механизм байхгүй байгаа нь байдлыг хүндрүүлж байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль нь зөвхөн төр, хэвлэл мэдээллийн харилцааг зохицуулсан хязгаарлагдмал агуулгатай бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж байгаа дээрх асуудлууд үндсэндээ эрх зүйн тодорхой зохицуулалтгүй байна.

Иймээс Үндсэн хуулиар тунхагласан иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангах, хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн чөлөөт сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих зорилгоор  энэхүү хуулийн төслийг боловсруулсан тухайгаа хэллээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хараат бус, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх эрх зүйн үндэс суурь бэхжинэ хэмээн үзэж байгаа юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж