Хип Хоп сэтгэл засал болсон уу?

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Хип Хоп сэтгэл засал болсон уу?

2 PAC, Eminem, 50 CENT, Lil Wayne энэ нэрийг сонсоод хамгийн түрүүнд танд юу бодогдож байна ? –Хараалын үгсээр дүүрсэн дууны мөртүүд үү. Тийм ээ энэ бол мэдээж хөгжмийн ертөнцийн салшгүй нэг хэсэг болсон ХИП ХОП урсгал. Энэ нэрийг сонсоод л хүмүүс ялангуяа эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг, бусдад буруу үлгэр дууриалал үзүүлэгчид гэж шүүмжилж, тэднийг сонсохыг хориглосоор ирсэн.

Гэхдээ одоо бүх зүйлийг хар бараанаар биш арай өөр өнцгөөс авч үздэг болжээ. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйчид, сэтгэцийн эмч нар хип хоп урсгалыг ашиглан зөвлөгөө өгч, засал хийх болсон байна.

Дэлхийн гэмт хэрэг гаралт тэр дундаа хүчирхийлэл ихээр үйлдэгддэг, гэмт хэргийн гаралт харьцангуй ихтэй, мөн айдас, болон стрессийн түвшин бусад газруудаас илүү өндөр улсуудад явуулсан судалгааны үр дүнд үндэслэн сэтгэл зүйчид эдгээр нийгмийн сөрөг үйлдлүүдийг зогсоох аргын нэг бол хөгжим тэр дундаа хип хоп хөгжим юм гэж үзэж байна. Магадгүй өнөөг хүртэл хип хоп хөгжим бол хараалын үг ихээр ашигладаг, өсвөр үеийнхэн болоод нийгмийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг гэж хүн бүхэн үзсээр ирсэн боловч хип хопоор дамжуулан нийгмийн сөрөг үйлдлүүдийг таслан зогсоох, бууруулах боломжтой талаар судлаачид судалжээ.  

Анагаахын их сургуулийн клиник сэтгэл судлалын оюутан Сендрин Робинсон Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн сэтгүүлд эрсдэл өндөр бүлгийн хүүхдүүдэд өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдох өндөр магадлалтай хүүхдүүдтэй ажиллахдаа хипхоп хөгжмийг ашигладаг өөрийн туршлагынхаа талаар нийтлэл хэвлүүлж байсан байна. Тэрээр өсвөр насны охидод БЗХӨ, ДОХ-оос урьдчилан сэргийлэх, тэнсэн харгалзах ялтай өсвөр насны хөвгүүд болон Иракын дайнд алба хаасан цэргүүдтэй ажиллаж тэдэнд сэтгэлзүйн зөвлөгөө тусламж үзүүлдэг бөгөөд ингэхдээ хип хоп терапи-г ашигладаг байна.

Робинсон өөрийн энэ аргын талаар “Энэ нь үйлчлүүлэгч, сэтгэл зүйч хоёрын хооронд харилцааны хаалтыг нээж өгдөг төдийгүй сэтгэл заслын эмчилгээг хийхэд илүү тааламжтай уур амьсгалыг бүрдүүлж өгдөг. Хип хоп терапи нь энгийн бүтэцтэй бөгөөд танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл заслын нэг хэсэг нь болдог. Заавал хип хоп ч гэлтгүй хөгжим бол үйлчлүүлэгчид сэтгэл хөдлөлөө ялгаж, дахин томьёолоход боломж олгодог тул ямар ч төрлийн сэтгэл засалд ашиглахад илүү дөхөм байдаг юм. Энэ аргыг хэрэглэхэд маш хялбар. Ерөнхийдөө үйлчлүүлэгчид өөрт тулгарч байгаа асуудлын талаар хипхоп дууны хэмнэлд оруулан сэтгэл зүйчдээ дуулж өгдөг ба сэтгэл зүйч тэр бүхнийг анхааралтай сонсож тэр дундаас таны асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй мэдээллүүдийг олж авч тэмдэглэдэг. Үүн дээрээ анализ дүгнэлтийг хийж эргээд үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгдөг. Дуу дуулж чаддаг, чаддаггүй байх нь чухал биш хамгийн гол нь өөрийн асуудлаа бүрэн илэрхийлтлээ хэмнэлд оруулан дуулсаар л байх хэрэгтэй.”

 Л. Сарангэрэл

Эх сурвалж: www.setgel.org

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж