Ази тивд самбо бөхийг хөгжүүлэх шаардлага бий

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Ази тивд самбо бөхийг хөгжүүлэх шаардлага бий

Зургадугаар сарын сүүлчээр Узбекистаны Ташкент хотноо болсон Самбо бөхийн Азийн АШТ-ий үеэр зарим хүмүүстэй уулзаж, санал бодлыг нь сонссоноо хүргэж байна.

Олон улсын самбо бөх сонирхогчдын холбооны (FIAS) ерөнхийлөгч Василий Шестаков:

-Тэмцээнийг маш өндөр түвшинд амжилттай зохион байгуулж, Ази тивд энэхүү спортыг хөгжүүлэхийн тулд их зүйл хийж байна. Нээлтийн ёслолд Узбекистан улсын дотоод хэргийн сайд Адхам Ахмедбаев, ҮОХ-ны ерөнхийлөгч МираброрУсманов нарын дээд албан тушаалын хүмүүс ирж оролцлоо. Узбекистан улсад спортыг ихээхэн хүндэлж хайрладгийг хаана ч мэдэрч болно. Монголчууд энэхүү Азийн АШТ-д оролцоогүй нь тун тоогүй. Танай орны самбо бөхийн холбооны удирдлагад шинэ хүмүүс ирсэн, ажилдаа хараахан дадаагүй байна уу гэж ойлголоо. Гэхдээ ойрын үед хэвийн түвшинд орчих биз ээ. Энэ ялдамд бүх монголчуудад мэнд дамжуулья. Самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулгатай би сайн танил, түүнийг самбо бөхөөр хичээллэж явсан хүний хувьд самбод санаа тавина гэдэгт итгэдэг.

Азийн самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Аламжон Муллаев:

-Бүхий л шаардлагатай ажлыг бид хэрэгжүүлж байгаа гэж боддог. Манай тивд самбог илүү ихээр хөгжүүлэх зүй ёсны хэрэгцээ бий. Бидний өмнө маш олон зорилго байгаа ч бидэнд хүрсэн амжилтаа хадгалах ажил бас бий. Өөрсдийн хүчээ харуулах ёстой. Өнөөдөр Азийн холбооны конгрессоос сонгогдсон бүх гишүүд идэвхтэй хамтран ажиллаж, ажлын үр дүнгийн талаарх мэдээллээ өөр хоорондоо хуваалцаж байхыг би илүүтэй анхаарна. Ингэснээр бид спортоо хариуцлагатайгаар хөгжүүлж, зорилго зорилтоо биелүүлэх боломжтой юм.

Ираны самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Абассали Акбари:

-Азийн АШТ-ээс манай бөхчүүд 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн нь үнэхээр бахдам амжилт боллоо, бид их баяртай байна. Хэдий тамирчид маань шинэ залуу, туршлагагүй боловч самбо бөхөөр тогтмол хичээллэсний үр дүнд ийм амжилтад хүрсэн. Тэмцээний зохион байгуулалт сайхан байлаа. Тэр дундаа Шестаков тэргүүтэй FIAS-ын ажилтнууд ихээхэн зүтгэл гаргасны дүнд тэмцээнийг амжилттай болгосон гэдгийг хэлье. Ташкент хотод зочид буудал, хоол унд, спортын ордон гээд юм бүхэн дээд түвшинд байсныг хэлэх ёстой. Манай тамирчид ч надтай санал нэг байгаа

Японы самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч Масаши Йошизава:

-Хэдий цагийн зөрүү ихтэй ч манай баг тамирчид цаг агаар, орчинд амархан даслаа. Хүнд жингийн тамирчин Томоюүки Ока хүрэл медаль зүүсэн нь боломжийн амжилт гэж үзсэн. 11-р сард манай улсын Нарита хотод Дэлхийн АШТ явагдах гэж байгаа. Бид тэнд алтан медаль хүртэх зорилготой. Манай тамирчдын бэлтгэл нь тэр үед сайхан тохирсон байх биз ээ. 1996 онд Токиод Дэлхийн АШТ зохион байгуулахад аварга төрснөөс хойш алтан медалийн бараа хараагүй байгаа юм.

Туркменистаны самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Ата Адаев:

-Манай оронд самбо бөхөөр хичээллэгчдийн тоо нэмэгдэж, бараг 10 мянгад хүрсэн. Туркменистаныг бөхийн орон гэхэд болно. Зөвлөлтийн үеэс л манай шилдэг бөхчүүд тив дэлхийн түвшинд хүч үзэж ирсэн. 2015 онд манай Ашгабат хотноо Азийн АШТ-ийг насны дөрвөн ангиллаар хүлээн авах болсон нь 2017 оны Азийн танхимын спортын наадмын өмнөх томоохон сорилго болох нь тодорхой. Олон улсын болон Азийн самбо бөхийн холбоо ч манайд тэмцээнийг өгсөндөө харамсахгүй байх болно.

Б.ЦАГААНБААТАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж