Дипломатын академи байгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Дипломатын академи байгуулна гэв

УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэрхэн ажилласан талаарх мэдээллийг тус байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар өнөөдөр сэтгүүлчдэд хийлээ.

Хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо 4 хууль, 2 УИХ-ын тогтоол батлуулж, олон улсын 5 гэрээ, конвенцийг зөвшилцөн санал, дүгнэлтээ хуралдааны тэмдэглэлийн хамт Засгийн газарт хүргүүлсэн байна. Ингэхдээ дээрх хугацаанд 12 удаа хуралдаж 20 асуудал хэлэлцсэн юм байна. Мөн Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 4 ажлын хэсэг 10 удаа, Тусгай хяналтын дэд хороо 2 удаа хуралджээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын гадаад харилцааг нэгдсэн байдлаар хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулж, улмаар байнгын хороогоор хэлэлцүүлж, Гадаад бодлогын шийдвэр гаргах тогтолцоог боловсронгуй болгох талаар чиглэл өгөх тухай тогтоол батлан Засгийн газар, Гадаад харилцааны яаманд чиглэл өгчээ.

Монгол Улсын гадаад харилцаа жил ирэх тусам өргөжсөөр өнөөдрийн байдлаар 160 гаруй оронтой дипломат харилцаа тогтоожээ. 1990 оныхтой харьцуулахад хэд дахин өссөн үзүүлэлт юм байна. Тухайн үед 17 оронтой дипломат харилцаатай байсан аж. Гэтэл бүтэц бүрэлдэхүүн орон тооны хувьд 20 гаруй жилийн өмнөх шигээ тиймээс орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэнийг УИХ-ын гишүүн М.Батчимэг онцоллоо. Мөн өнгөрсөн хугацаанд үндэсний дипломат бэлтгэх бодлогогүй явж ирснийг өөрчилж, Гадаад харилцааны яамны харьяа Дипломатын академи байгуулах замаар үндэсний мэргэжилтнүүдээ сургаж бэлтгэх, Төрийн гадаад харилцааны хуультай болох зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг  байнгын хорооноос тогтоолоор холбогдох газруудад үүрэг болгожээ. Тогтоол хэрэгжсэн нөхцөлд Монгол Улсын гадаад харилцааны салбарт томоохон дэвшил авчирна гэж тэрээр тодотгосон юм.

Хаврын чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн батлуулсан асуудлын тухайд тодруулбал,  Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай зэрэг хуулиуд юм байна. Мөн Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг батлуулжээ. Түүнчлэн Монгол Улс “Антрактидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези, Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд нарыг томилох тухай, Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”, Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай асуудлуудыг зөвшилцөж Засгийн газарт хүргүүлсэн юм байна.

Мөн хилийн чанадад ажиллажээ. Тухайлбал, Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар БНСУ-д ажиллаж Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаа, Пусан хотод Консулын газар нээн ажиллуулах бэлтгэл ажил, БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэд, оюутнуудын амьдрал ахуй, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, БНСУ-ын иргэдэд виз олгож буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ. Мөн тус Байнгын хороо өнгөрсөн тавдугаар сараас “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашиг” сэдэвт судалгааны санал асуулгыг УИХ-ын цахим хуудсаар (www.parliament.mn/polls) явуулж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд уг санал асуулгад 356 хүн оролцсон байна. Энэ нь Байнгын хорооны үйл ажиллагааг нээлттэй болгох, УИХ-ын үйл ажиллагааг гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэддээ хүргэж, эргэх холбоо тогтоох шинэлэг арга хэмжээ болсныг Ц.Оюунбаатар дарга онцоллоо.

Мөн Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын  гишүүн Н.Энхболд, М.Батчимэг нар Монгол Улсаас Зүүн хойд Азид суугаа Элчин сайд нарын зөвлөгөөнд оролцож, БНХАУ-ын Ляонин, Зилинь мужийн зарим хотууд, Дандун далайн боомт, БНАСАУ-ын Расөн эдийн засгийн чөлөөт бүс, Ражин, Үнсан боомтын үйл ажиллагаатай танилцжээ. Монгол Улс далайн нээлттэй боомттой болох, удаан хугацаагаар боомт түрээслэх асуудлыг Байнгын хороо анхааралдаа авч энэ талаарх саналуудыг судалж байгаа гэдгээ Байнгын хорооны дарга хэллээ. Түүнчлэн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалахын их сургуулийн үйл ажиллагаа, гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчдийн зарим байгууллага, Зэвсэгт хүчний болон хилийн анги салбарын ажил байдалтай танилцаж тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон байна.

Түүнчлэн Иргэний болон цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн талаар харьцуулсан судалгаа, Цөмийн энерги, цацраг идэвхт ашигт малтмалын эрх зүйн орчин, тусгай зөвшөөрлийн талаар олон нийтийн байр суурийн талаарх судалгаа, Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан Цөмийн энергийн тухай хуулийн зарим зүйл, заалттай зөрчилдөж байгаа тухай лавлагаа зэрэг нийт 32 судалгаа, лавлагаа, мэдээлэл бэлтгэж, Тусгай хяналтын дэд хорооны дүрмийн төслийг боловсруулж Байнгын хорооны дарга, гишүүдэд хүргүүлсэн байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж