Өсвөрийн сагсчид гуравдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.07.08-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сагсчид гуравдугаар байрт шалгарлаа

Монголын сагсан бөмбөгийн ирээдүй болсон өсвөрийн тамирчид АНУ-ын Клевлэнд хотноо болдог “Continental Cup” Олон Улсын залуучуудын спортын наадамд хоёр дахь жилдээ оролцлоо. Энэхүү спорт наадмын сагсан бөмбөгийн төрлийг NBA-ын “Cleveland Cavaliers” баг хамтран зохион байгуулдаг юм. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны зүгээс энэ жил шигшээ U13, U15, U18 насны эрэгтэй, эмэгтэй нийт таван багийн 60 гаруй тамирчдыг бэлтгэн, тус наадмыг зорьсон юм. Ес дэх жилдээ зохиогдож байгаа уг наадамд энэ жил 10 өөр улсын 228 багийн 3200 гаруй тамирчид өрсөлджээ.

Тэмцээний сүүлийн шигшээ тоглолтууд “Cleveland Cavaliers” багийн Quicken Loans Arena-д боллоо. Монголын охидын U13 насны баг энэхүү тэмцээнд амжилттай оролцож, аваргын төлөө ширүүн өрсөлдөн, шуугиан тарив. Тэд насныхаа ангилалд гурван хожил авч, хоёр хожигдсоноор сагсан бөмбөгийн эх оронд зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн наадмын 3-р байранд шалгарлаа. Тэд Нью-Йоркоос ирсэн 2 багийг тус бүр 61:46, 43:35-р, Охайо мужийн “Youth Tiger Extreme” багийг 50:37 харьцаатай буулган авсан байна. Улмаар манай багт хожигдсон Нью-Йоркийн “Western NY Shock” багтай хожил тэнцсэн ч, онооны зөрүүгээр гуравдугаар байр эзэлсэн байна.

Харин U13 насны хөвгүүдийн баг тэмцээний сүүлийн тоглолтоо Охайо мужийн “SELBA Beasts” багтай хийж, 60:42 харьцаатай хожсоноор, 7-р байранд шалгарлаа. U15 насны охидын баг сүүлийн тоглолтдоо зохион байгуулагч мужийн “Air Attack – Tennefoss” багийг 43:32 харьцаатай хожсоноор 6-р байранд шалгарсан.

U15 болон U18 насны эрэгтэй багууд маань АНУ-ын хүчирхэг багуудтай тоглон ялагдал хүлээлээ. Эдгээр тоглолтуудыг Америкийн хамгийн хүчирхэг оюутны лиг болох NCAA-н багуудынэкспертүүд ирж үзэн, анализ хийж байсан нь ямар чухал тоглолтууд болохыг харуулж байлаа. “Cleveland Cavaliers Continental Cup 2014” олон улсын залуучуудын спорт наадамд амжилттай оролцсон манай баг тамирчид, албаны хүмүүс өнөөдөр орой буюу долдугаар сарын 08-ны өдрийн 23.00 цагаас эх орондоо хүрэлцэн ирнэ.

Н.СУУРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж