УИХ-ын хаврын чуулганыг дүгнэж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
2014 оны хаврын ээлжит чуулганыг өмнөх чуулгантай харьцуулахад харилцан зөвшилцөл ойлголцол руу ойртуулсан, мөн эдийн засгийг идэвхижүүлэх гол хуулиудаа баталсан үр дүнтэй чуулган болж өнгөрсөн гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга онцоллоо. Гэхдээ хаврын чуулганы ихэнх цаг сайд нарыг огцруулах асуудал руу чиглэсэн нь зарим асуудлыг намрын чуулган руу шилжүүлэхээс аргагүйд хүргэснийг шүүмжилж байна.
Мөн өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн хямрал нь өнгөрсөн 2 жилд үүссэн зүйл биш өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд үүссэн алдаатай бодлогоос үүдэлтэй гэж мэдэгдэв. Тухайлбал, өнөөгийн сөрөг хүчин Засгийн эрхийг барьж байхдаа уул уурхайн ордуудаа барьцаалан 2.7 тэрбум төгрөгийн өр бий болгосон. Түүнийг иргэдэд халамж байдлаар тарааж дууссан нь эргээд өрийн дарамт үүсгэжээ. Алданги нь 17.6 тэрбум төгрөгт хүрсэн гэнэ. Үүний дэргэд Чингис бондыг Монгол Улсын бүтээн байгуулалтад, мөн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг бий болгох чиглэлд зарцуулсан тул ирээдүй хойч үед дааж давшгүй өрөнд унаж байна гэж шүүмжлэх нь өрөөсгөл гэж тодотголоо. Тухайлбал, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихэд Чингис бондоос 809 тэрбум, нийслэлийг хөгжүүлэхэд 809 тэрбум, хөдөөг хөгжүүлэхэд 598 тэрбум төгрөгийг тус бүр зарцуулсан юм байна.
Онцлоход, УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь хаврын ээлжит чуулганы хугацаанд 18 удаа 89 хувийн ирцтэйгээр хуралдаж, 67 асуудлыг хэлэлцжээ.
Г.ДАРЬ