Шинэчлэлийн хорооныхон Их хурлын бэлтгэлээ хангана

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн хорооныхон Их хурлын бэлтгэлээ хангана

МАН-ын Шинэчлэлийн хорооныхон анхдугаар Их хурлыг 2015 оны тавдугаар сард хийхээр төлөвлөж, энэ хүрээнд ирэх арваннэгдүгээр сар гэхэд 99 гишүүний бүрэлдэхүүнтэй Бага хурлыг байгуулахаар болжээ. Тиймээс ирэх арваннэгдүгээр сард багтаан аймаг, нийслэл, дүүргийн МАН-ын Шинэчлэлийн хороо анхан шатны байгууллагын дарга, удирдлага, улс төр судлаач, эрдэмтэд болон нийгмийн бүхий л салбарын төлөөллөөс бүрдсэн 99 гишүүний бүрэлдэхүүнтэй Бага хурал байгуулахаар болж буй юм байна.

Харин МАН-ын Шинэчлэлийн хорооны бүрэлдэхүүн 2013 оны долдугаар сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, 75 сумын иргэдтэй уулзаж, МАН-ын шинэчлэлийн үйл явцтай холбоотойгоор саналаа нэгтгэж, “Монгол Ардын Намын бодлого, шинэчлэлийн хөтөлбөр”-ийг боловсруулан МАН-ын 27-р Их хурлаар хэлэлцүүлж байжээ. Улмаар  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж, төрийн бус байгууллагын статустайгаар ажиллаж эхэлсэн юм байна.

Шинэчлэлийн хорооны Удирдах зөвлөлийн гуравдугаар хуралдаанаас Шинэчлэлийн хорооны шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтыг баталж, Хорооны даргаар Т.Аюурсайханыг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Удаанжаргалыг, Нарийн бичгийн даргаар Б.Ганхуяг нарыг сонгож, Удирдах зөвлөлийг 11 гишүүнтэй байхаар шийдвэрлэжээ.  Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн МАН-ын Шинэчлэлийн хороодыг албан ёсоор байгуулж, гэрчилгээ, тамга тэмдгийг нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан аж.

Баян-Өлгий аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар А.Эрбол, Булган аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар Б.Бат-Амгалан, Дорноговь аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар С.Түмэнбаяр, Дорнод аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар Т.Амартүвшин, Дундговь аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар С.Отгонжаргал. Орхон аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар Д.Мөнхбат, нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар Б.Батхүү нарыг Удирдах зөвлөлийн гуравдугаар хуралдаанаар баталж, бусад аймаг, нийслэл, дүүргийн Шинэчлэлийн хорооны дарга нарыг дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэн, сонгохоор шийдвэрлэжээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж