“Урган наран” хорооллын бохирын ус хальжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

“Урган наран” хорооллын бохирын ус хальжээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Урган наран” хорооллын есөн байрны бохирын шугамыг шийдээгүйгээс, ашиглалтад орсон цагаасаа эхэлж,  бохир нь хальж онц байдал зарлах хэмжээнд хүргэж, асуудал хөндсөөр ирсэн билээ.

Тэгвэл бохирын ус дахин хальж асуудал дагуулж эхэлсэн байна.

Засгийн газрын харьяа 11-11 төвд хандсан №1407075574 дугаарын зочин энэ тухай хөнджээ. Тэрээр "Ургах наран" хорооллын бохирын ус халиад төв зам руугаа урсаад энэ хавийн мал амьтад бохирын уснаас нь ууж ундаалаад, халдварт өвчин гарах нөхцлийг бүрдүүлээд байна. Шуурхай арга хэмжээ авна уу гэжээ.

Уг нь өнгөрсөн тавдугаар сард НИТХ-ын хуралдаанаас эл асуудлыг хэлэлцээд, хотын захиргаа анхаарал хандуулахаар болж, хотын ерөнхий менежер Б.Бадралаар ахлуусан ажлын хэсэг байгуулсан юм. Гэвч байдал өмнөхөөсөө улам дордсон тухай оршин суугчид гомдоллож байна. Учир нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өмнө нь анхаарал хандуулж, бохирыг соруулан авч, зөөвөрлөдөг байсан бол хотын ерөнхий менежер Б.Бадралын мэдэлд очсоноос хойш ямар ч арга хэмжээ авагдаагүй аж.

Мөн 11-11 төвд дараах гомдол ирснийг багцлан хүргэе.

№1407076096 Ерөнхий сайдтай утсаар ярилцахыг хүсэж байна. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2-р багийн иргэн Чогсом байна. Манай суманд гэрэл цахилгаан байхгүй маш хүндрэлтэй байна. Энэ талаар ярилцах хүсэлтэй байна.

№1407070567 Наадмын билетийг кассны хүмүүстэй ярилцаж зохицоод шагчид нь худалдаад авчих юм. Энгийн бид очоод наадам үзэх билет авах гэхэд билет нь олдохгүй гадуур нь байгаа шагчид 100,000 төгрөг, 100 доллар гээд тэнгэрт хадсан үнэ хэлээд байх юм. Ийм байдлаар наадам зохион байгуулж байгаад харамсаж байна.

№1407079051 Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХ-н тэргүүлэгчид ажлын цагаар ажлаа хийхгүй иргэдийг чирэгдүүлж байна. ЗДТГ-н орлогч дарга нь мөн ажилдаа ирэхгүй байна. Нэг газрын үсэг зуруулж, тамга даруулах гэж олон хоног ажлын байран дээр нь хүлээж байна.

№1407074015 Гашуун сухайтад хятадын компанид гэрээгээр ажиллаж буй Монгол жолооч нарын ажлын цалин хөлсийг компаниуд нь тавихгүй чирэгдэл учруулж, хохироож байна. Энэ асуудалд анхаарч цалинг нь баяр наадмаас өмнө буулгаж өгөх арга хэмжээг авна уу?

Санал №1407071141  Засгийн газар болоод Улсын их хуралд гомдол санал хүргүүлэх нь Миний бие нь Буянт ухаа 1 хороололд байр захиалсан бөгөөд урьдчилгаа 30 хувийг төлсөн, одоо үлдэгдэл 70 хувиа Цалин авдаг Хас банкаар шийдүүлэх гэсэн боловч чадалгүй 1 сарын хугацааг үдлээ. Тэгтэл ТОСК – 60 хоногийн хугацаанд үлдэгдэлээ банкаар шийдүүлэх хугацаа олгосон энэ хугацаа явсаар байна. Засгийн газраас хэрэгжиж буй уг хороололд 8 хувийн хүүтэй Ипотекийн зээлд хамруулахгүй учир нь МИК-ээс зээл олго гэсэн албан бичиг ирээгүй гэх шалтгаанаар олгохгүй байна. МИК нь уг зээл олгох албан бичгийн явуулсан банкууд л өөрсдөө олгох үгүйгээ шийднэ гээд байна ингэхээр банкууд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна шүү дээ. Энэ талаараа судлаж нааштай хариу авч өгнө үү Ганц иргэн би ч биш уг хороололд захиалга өгсөн 1500 иргэн хохирч байна. Энэ талаар хурдан арга хэмжээ авч өгнө үү.

№1407071508 3-р төрөх эмнэлэгт гомдол гаргах нь: Манай эхнэр төрөхөөр яаралтай түргэн тусламаар 3-р төрөхийн Ганболд гэх эх барих эмч дээр ирсэн. Энэ эмч яаралтай арга хэмжээ авахгүй байсаар хүүхэд маань гэдсэндээ бүтэж өнгөрлөө. Маш их гомдолтой байна. Эмнэлэг дээр ирээд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байтал ямар ч үзлэг хийгээгүй, …

№1407079206 Төрөх хугацаа нь болоод өвдөөд 1-р төрөхийн хүлээн авах дээр ирсэн ор байхгүй гээд хүлээж авахгүй байна. Тийм байж таньдаг хүмүүсээ хүлээн авч төрүүлээд байна. Энэ хүнийг одоо хаана төрүүлэх юм бэ? Танил талаа харж үйлчилдэгээ больмоор юм. Нааш цаашаа зөндөө явж байна.

№1407079821 Дорнод аймгийн Тээврийн биржийн дарга Мөнхтөр /Уулаа/ нь мөнгө идсэн хэргээр АТГ-т шалгагдаж тогтоогдоод албан тушаалаасаа буусан. Хамт хэрэгт орсон нягтлан нь өнөөг хүртэл ажилласаар байна. Үүнээс үүдэн Ардчилсан намын нэр хүнд иргэдийн дунд унаж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг албан тушаалд байлгах хэцүү байна. Үүнийг анхаарч шалгаж, арга хэмжээ авна уу гэжээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж