Шилдэг сумын мялаалга наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2014.07.07-нд нийтлэгдсэн

Шилдэг сумын мялаалга наадам боллоо

Архангай аймгаас мэдээлж байна.

Улсын тэргүүний Эрдэнэмандал сум энэ сарын 4,5-нд сумынхаа мялаалга наадмыг хийлээ.
Наадмын үйл ажиллагаанд Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, аймгийн Иргэдийн хурлын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хот дахь Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлийн дарга П.Мөнхжаргал тэргүүтэй төрийн төлөөлөлүүд УБ, Эрдэнэт, Дархан хот дахь нутгийн зөвлөлийн төлөөлөл, газар газарт амьдарч буй Эрдэнэмандал сумын уугуул иргэд хүрэлцэн иржээ.


Сумын удирдлагууд буянт сүргийн эзэд болсон малчдынхаа анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулж энэ үеэр аймгийн Халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Хөдөө аж ахуйн газар зэрэг хэлтэс агентлагийн төлөөлөл хүрэлцэн ирж малчдад цаг үеийн мэдээлэл хийж, сонирхсон асуултуудад хариулж байлаа.
Мялаалга наадам төрийн үйлс мандан бадрахыг бэлгэдэл есөн хөлт цагаан тугаа залахаас аваад, төрийн дуулалаа эгшиглүүлэн хүндэтгэлтэйгээр эхэллээ.


Наадамд аймаг сумын цолтой 64 бөх барилдаж, бүх насны морьд уралдан, сурын харваа, гар шагайн тэмцээнүүд уламжлал ёсоор боллоо.


Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан хүмүүсд шагнал гардуулах ажиллагаатай зэрэгцэн аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тус сумын багийн эмч нарт мотоцикль бэлэглэлээ.


Тэрээр шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ:

Хүн малын амьдрах таатай нөхцөл бүрдсэн энэ сайхан нутагт төрж өссөн хэн бүхэн төрлөх нутгаараа бахархаж, хүйн холбоотой явдаг. Эртний хүн гүрний өлгий нутаг эдүүгээгийн улсын шилдэг сум болсон Эрдэнэмандал сумынхан хөдөлмөрч, ажилсаг ард түмэн. Мал сүргээ үеийн үед өсгөн үржүүлж, нутаг орныхоо нэр алдрыг түгээн дэлгэрүүлж буй ард иргэддээ баяр хүргье гэлээ.


Дашрамд дуулгахад ирэх жил Эрдэнэмандал сум 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд түүхт ойноосоо өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ сургуультай болохоос гадна Эрүүл мэндийн сайд сумандаа шинэ эмнэлэгийг барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Энэ суманд хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын тамгын газарын барилга, сүм хийд гээд бүгд шинээр баригдсан бөгөөд 2014 оноос Үйлдвэр технологийн паркийг улсын төсвөөр барих юм байна. Мөн аймгийн удирдлагууд “Идэр-Улаан” багийн төвийг шинээр байгуулах юм байна.

Эх сурвалж: www.zasag.mn/m/arkhangai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж