УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд гишүүдийн 72.3 хувийн ирцтэйгээр нийт 11 удаа хуралдаж, 43 хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл 7, хяналт шалгалтын тайлан нэг, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах яам, агентлаг, харьяа байгууллагуудын тайлан мэдээлэл 4, нийт 55 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Ингэхдээ Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдаж өргөн мэдүүлсэн 15 хууль, Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулж, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт оруулсан байна.
Харин Хамтын тэтгэврийн тухай, Монгол хэлний тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, намрын чуулганаар хэлэлцэн батлуулахын тулд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж. Мөн Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэн батлуулахаар оруулаад байгаа бөгөөд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийджээ. Тогтоолын төслийн хүрээнд хоёр удаагийн томоохон хэлэлцүүлэг хийж , эрдэмтэн, судлаач, багш, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан бөгөөд Байнгын хорооны Ажлын хэсэг гаран ажиллаж буй юм байна.
Тайлангийн хугацаанд Байнгын хороо 2014 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлж ажиллажээ. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хүргүүлсэн байна.
Түүнчлэн тайлангийн хугацаанд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг сонсчээ. Үүний зэрэгцээ Байнгын хорооныхон Шинжлэх ухаан, технологийн салбарын бодлогын шинэчлэл, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцах, Шинжлэх ухааны академийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Ажлын хэсэг шинжлэх ухааны байгууллагуудыг бэхжүүлах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэж баталж Засгийн газарт хүргүүлсэн юм байна.
Мөн эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг Улсын клиникийн төв 2, 3 дугаар эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын төв, Хавдар судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ. Үүний зэрэгцээ тус ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлэг, Улсын клиникийн төв эмнэлгийн өргөтгөл, Геронтологийн үндэсний төвийн 60 ортой ахмадын эмнэлгийн барилга, Баянзүрх дүүргийн 3-р амаржих газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын өргөтгөл зэрэг нийт 5 барилга байгууламжийн ажлын явц, үр дүнгийн талаар Үндэсний аудитын газарт хүсэлт тавьж, дүгнэлт гаргуулсан байна.
Мөн Ажлын хэсэг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамны удирдлагуудтай уулзаж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар яамдаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй бодлого, гаргасан шийдвэр, ажлын явц, үр дүнтэй танилцжээ.
Түүнчлэн Байнгын хорооноос Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Хууль зүйн яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Хохирогч хамгаалал, хуулийн шинэчлэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт, үнэлгээг УИХ-ын гишүүдэд танилцуулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулгыг хэлэлцэж, цаашид хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хангах арга замыг тодорхойлж, зөвлөлдөх уулзалтаас УИХ, Засгийн газарт хандсан санал, зөвлөмж боловсруулан хүргүүлж ажилласан байна.
Г.ДАРЬ