Шүүгчийн албан тушаалд томилогдож байгаа хүмүүст шүүгчийн үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.
Шинээр томилогдсон шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм. Энэ удаад урд нь болж байгаaагүйгээр олон шүүгчийг нэг дор томилж байгааг Ерөнхийлөгч энэ үеэр цохон тэмдэглэсэн юм. Энэ удаа зарласан 70 шүүгчийн сул орон тоонд 400 гаруй хуульч нэрээ дэвшүүлж, 375 хуульч бүртгүүлж, сонгон шалгаруулалтад 282 хуульч оролцож, 252 хуульч тэнцсэн байна. Сонгон шалгаруулалт нарийн шалгууртай, шалгаруулах үйл ажиллагаа нь хүнээс бага хамааралтай болж өнгөрсөн бөгөөд дээрх хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулж, өнөөдөр анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх рүү дэвшсэн гурван шүүгч, анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон 43 шүүгч, нийт 46 шүүгчийг нэгэн зэрэг томилж үнэмлэх гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Баярхүүг Иргэний хэргийн давж заалдах шатны наймдугаар шүүхийн шүүгчийн, Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна. Мөн Г.Гэрэлт-Од, Д.Ганболд, Б.Ундраа, Б.Ууганбаяр, С.Энхбаяр, Т.Энхтуяа нарын 43 хүнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томиллоо. Ерөнхийлөгч үнэмлэхээ гардан авсан шүүгчдэд шударга ёсыг сахиулах эрхэм үйлсэд нь амжилт хүсээд “Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүхийн чиглэлийн хуулиуд гарч энэ дагуу сонгон шалгаруулалт маш олон буюу 400 гаруй хүн оролдсон. Үүнээс сонгон шалгаруулалтанд 252 хүн тэнцсэн. Энэ 252 хүнээс та бүхэн шалгарч шүүгчээр томилогдож байна. Монгол Улсын Шүүхийн шүүгч хэмээх энэ алдрыг хүртсэн та бүхэнд талархал илэрхийлж, чин сэтгэлээсээ амжилт хүсье. Аль ч оронд хуульч хүний гол мөрөөдөл бол шүүгч болох мөрөөдөлтэй байдаг. Та бүхэн энэ мөрөөдөлдөө хүрч чадаж байна. Одоо энэ ажил, амжилтаа амьдрал дээр сайн хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Шүүгч бол нэг талаар Монголын төрийн толь нь байдаг. Та бүхний гаргасан шийдвэрийг харж, төрийг үнэлж, түмэн олны итгэл дээшилж байдаг. Ер нь шүүхийн үйл ажиллагаа ямар байгаагаар харж төрд итгэх итгэл дээшилж байдаг. Харин ганц нэг шүүгч хуулиа зөрчсөн үзэгдэл гарвал нийт шүүгч, шүүхийн байгууллагад сэв сууж, түмэн олны итгэл алдардаг. Ийм учраас үүнээс үүдсэн мэргэжлийн үйл ажиллагаа хамгийн чухал гэдгийг хэлье” гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.
Л.НАРАН